Thursday, June 23, 2016

Өглөө нэг буудлаас нөгөө буудал хүртэлх бодол

Гэрийн ойрхон цахилгаан тэрэгний буудалд яг хүмүүсийн өглөө ид ажилдаа явдаг цагаар хэн нэгэн нь цахилгааны тэрэгний өмнүүр үсэрч амиа хорлочихов. Миний ажилд явдаг цагтай яг таарч, манай цахилгаан тэрэгний шугам, буудал түр зогсож, түргэний тэрэг, галын машин ирж, бөөн бужигнаан. Дараагийн буудал хүртэл алхаад өөр шугмаар ажилдаа явцгаахаар хүмүүс уван цуван алхацгаана. Өөдөөс бас баахан хүмүүс эсрэг чиглэлийн дараагийн буудал хүртэл алхан зөрцгөөнө. Тэгээд л явж байхад тэр амиа хорлосон хүний өмнөөс харамсах шиг. Уг нь манай буудал 140 орчим өндөртэй хашлага байдаг ч тэрийг давж үсэрснийг бодохоор их том зориг, шийдмэг байж дээ гэж бодогдох. Тэгэх хүч байсныг бодохоор амиа хорлолгүй, амьдарч байхгүй яав дээ гэж харуусах ч шиг.
Хажуугаар өнгөрөх хүмүүс дунд надтай адилхан бодолтой хүн байгаа болов уу гэж харвал янз бүрийн дүр төрх. Эхний цагтаа суухгүй болсон, хоёр буудал алхаж явах болсондоо бараг баяртай, ам нийлүүлэн шаагилдах оюутан охид. Тэдэнд бол энэ явдал "азны юм" болсон ч шиг.
Яарч байхад яадаг тэнэг хог вэ, өөр газар очиж амиа хорлохгүй дээ гэсэн ууртай бухимдсан харцтай, тагнайгаа тагшсан хүмүүс. Японд тагнай тагших бол их л дургүй хүрсэн үедээ хийдэг үйлдэл. Тэр дороо твиттэр зэрэгт зураг мэдээ оруулах хүмүүс. Шинэ сонин дуулиан шуугиан юу байна эрж хайж, таарвал тэр даруй сошиал аппдаа оруулж, лайк, шэйр, ритвийт хүлээнэ.
Энэ буудалд бараг анх удаа байх тийм ээ, сүнс нь гарч ирэх болов уу гэж сониучирхаж ярьж зөрөх залуучууд. Хотын завгүй амьдралын хүрдэнд, хүн амиа хорлосон гэсэн мэдээ гарахад цахилгаан тэрэг хаана хаана хэдэн цаг минут зогсох бол гэж голдуу "санаа зовцгооно". Магадгүй бас хэн нэг нь би ч бас үсэрчихье гэсэн бодол төрдөг ч юм уу, ойр ойрхон үргэлжлээд бас энд тэнд цахилгаан тэрэгний өмнүүр хүн үсэрнэ. Маргааш нь яг бас Токиогийн метроны нэг шугам зогсож таарсан.
Нэг удаа цахилгаан тэрэгний эхний бүхээгт, жолоочийн яг ард зогсож явж байхад "гэнэт нэг хүн урдуур үсрээд ирвэл яанаа" гэж бодогдоод нуруу хүйт оргиж билээ. Тийм явдалтай таарсан жолооч хэсэгтээ л ажлаа хийх чадвараа алдах нь аргагүй.
Токиод олон жил амьдрахад огт дасахгүй зүйлүүдийн нэг нь яалт ч үгүй цахилгаан тэрэгний өмнүүр амиа хорлодог юм байна гэдгээ ч ойлгож авсан. Харамсалтай амь нас, амьдрал.

Wednesday, March 11, 2015

Японы цэцэрлэгийн авууштай нь

Товчхон бөгөөд түргэхэн Японы цэцэрлэгийн санаа авууштай зүйлсийг товчхон дурдъя. 

  • Хоолны хувьд 
Тухайн сарын өдөр бүр өгөх хоолны хэмжээ, орц, давс амтлагчийн нарийн орц, уураг, калори бүгдийг нарийн бичсэн жагсаалт урьдчилж өгдөг нь хүүхдийнхээ өдөр юу идэж буйг мэдэж хянаж байхад их хэрэг болдог. Хүүхэд идэх юмны харшилтай бол тусад нь хоол зориулж хийж өгнө. Хоолоо хэр идснийг мөн тэмдэглэж өгдөг тул орой ямар хоол, хэр идэхийг нь таамаглаад бэлдэхэд тустай. Мөн үе үе хүүхдийн хоол яаж хийх тухай зааж, амтлах боломж олгодог. 
  • Багш нар 
Багш нар анги дааж авцгаах боловч долоо хоногт нэг хоёр удаа өөр ангид орж хариуцдаг нь зүгээр санагдсан. Ажлын хувьд өөр насны хүүхдүүдтэй харилцаж, бас арай өөр арга барил, орчинд ажиллаж байх нь багшид ч хэрэгтэй, хүүхдүүдэд ч өөр өөр багшийн ааш араншин, байдлыг мэдэрч олон хүнтэй харьцаж сурах байх. 
Мэдээж багш нарын хүүхдүүдтэй харьцах зан харьцаанд ямар нэг асуудал гарах нь бараг байхгүй, хэрэв тийм асуудал гарвал багш ажилгүй болох учраас. 
Бас нэг санаанд нийцдэг зүйл нь цэцэрлэгт заавал нэг, хоёр эрэгтэй багш байлгах бодлого. Хүүхэд дан эмэгтэй багштай харьцах бус, эрэгтэй багштай байж, хөдөлгөөн, эрч хүч, зориг зүрхтэй байхыг суралцахад хэрэгтэй болов уу. Эрэгтэй хүүхдүүдэд ч эрэгтэй багш их "хань болно". 
  • Арга хэмжээ
Цэцэрлэг бүр дотроо өөр ч манай охины явдаг цэцэрлэгийн хувьд хэд хэдэн арга хэмжээ нь аятайхан. 
Ахлах ангийнхан нэг удаа цэцэрлэг дээрээ хамтдаа хонодог юм. Гэрээсээ хол, аав ээж гэр бүлээс өөр газар, найзуудтайгаа хамт хонох гэдэг зүйлийг анх удаа хийж үзнэ гэсэн үг. Өвөө эмээ, хөдөө айл яваад хоночихдог хүүхдүүд байх ч тэгж үзээгүй хүүхдийн хувьд том үйл явдал юм даа. 
Жилдээ нэг удаа цэцэрлэгээрээ музей, амьтны хүрээлэн зэрэг үзэж, ногоо жимс хурааж, цэцэг мод тарих зэрэг арга хэмжээтэй. 
Аа тийм, ахлах ангийхан төгсөөд сурагч болох тул төгсөхөөс нь өмнө сургуульд очиж, бага ангийхантай уулзаж, сургууль гэж юу болох тухай ойлгож авцгаадаг. 
Хөөрхөн хөөрхөн захиа сурагчдаас авцгаасан, хөөрсөн хүүхдүүд харах зугаатай.
Өндөр настны асрамжийн газар очиж дуу дуулж, бүжиглэж, өвөө эмээ нарт хийсэн зураг бүтээлээ бэлэглэж, хамт тоглож хоол идээд ирдэг нэг арга хэмжээтэй гэж байгаа.
Монголд хэдий тийм газар байхгүй ч, хороо хорины өвөө эмээ нарыг цэцэрлэгт авчирч үлгэр ном уншуулах зэрэг зүйлс зохион байгуулахад болохгүй зүйлгүй л дээ. Миний таньдаг япон хөгшчүүд цэцэрлэг яслиар явж ном уншиж өгдөг юм. Хүүхдүүд ч дуртай, байнга хүлээгээд сууж байдаг гэсэн. 
  • Ангийн хамтач байдал
Манай охины цэцэрлэгийн нэг ангид сонсголын бэрхшээлтэй хүүхэд бий. Сонсгол муу учраас хэл яриа тааруу. Гэсэн ч энгийн хүүхдүүдтэй хамт тоглож, наадаж, багш нар ч гар хуруугаа хөдөлгөж харьцаж, хүүхдийг ямар нэг хэцүү байдалд оруулахгүй хүмүүжүүлж байдаг. 
3, 4тэн бүү хэл 5, 6тай ахлах ангийнхан сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй хэрхэн харьцах тухай сайн мэдэхгүй, шаардлага гарвал багш нараа дуурайж гар хуруугаа хөдөлгөж ойлгуулах эсвэл бараг харьцахгүй байдаг. Харин саяхан цэцэрлэгт нь уншиж өгдөг номоо танилцуулдаг буланд гар хуруугаар харьцах тухай хүүхдийн ном тавьсан байлаа. Хүүхдэд зориулсан хуруу гараар хэрхэн хоорондоо ойлголцох вэ гэдгийг эвтэйхэн үзүүлсэн ном. Тэр хүүхэдтэй бусад хүүхдүүд харьцахад дөхөм болох болов уу. Сонсголын бэрхшээлтэй юм гээд хаячилгүй, найз нөхөдтэй болж, бусад хүмүүстэй хэвийн харьцдаг болгоход цэцэрлэгийн зүгээс сэтгэл гаргаж буй нь талархмаар. 
Гэх мэтчилэн хүүхдүүд хоорондоо найз нөхөд болоход багш нарын зүгээс анхаарал тавьж байдаг нь их зүгээр байдаг. 
  • Хүүхдийн гэр бүл
Цэцэрлэгийн зүгээс хүүхдийн гэр бүл, хүүхдийн хувь хүний нууцыг чандлан хадгалдаг. Хүүхдэд жишээ нь хазуулсан байлаа гэхэд хэнд хазуулсныг хэлэхгүй. Багш нь хариуцлага алдсандаа уучлал гуйх жишээтэй. Тэрний ээж аав ийм ажил хийдэг, ийм гэр оронтой гэхчилэн ярьж, тарааж явахгүй. Гадаад, дотоод гэж ч зарлахгүй, гадаад байлаа гэхэд аль улсын иргэн гэхчилэн мэдэээл бусад эцэг эхчүүдэд хэлэхгүй гэх мэт хүүхдийн гэр орон, хүүхдийн хувь хүний нууцыг сайн хадгалдаг. 

Saturday, March 7, 2015

Асуудалд цогцоор хандах

4 настай бяцхан охин эцэгтээ зодуулж амиа алдсан хэрэг гарч хүмүүсийг айхтар цочроолоо. Сэтгэл өвдмөөр харуусалтай хэрэг. Охины дурсгалд олон хүмүүс зул асааж, эмгэнэл илэрхийлж, хүүхдийн хүчирхийллийг таслах зогсооё гэж уриалж байна. Энгийн иргэд бухимдаж харуусч байна. Харин төрийн байгууллагууд, хариуцсан газрууд, бодлого тодорхойлогчид юу хийж байна вэ? 
Одоогийн байдлаар хүчирхийлэгчийг олж нухчин дарах тухай л голлож байх шиг байна. Хуулиа чангална, ял шийтгэл хатуу байлгана гэх мэт. 
Ингээд л болоо юу? гэж асууж лавламаар. Буурч багасч байгаа статистик байна уу?
Бид асуудалд цогц байдлаар хандаж чадахгүй явсаар л байх уу? 
Асуудалд цогцоор хандах гэдгийн жишээ болгож, одоо Японд олны анхааралд байгаа нэг хэргийг энд сонирхуулья гэж бодлоо. 

Саяхан 2 сарын 20нд Японы Кавасаки хотын голын эргээс зодуулж нас барсан 13 настай хүүгийн цогцос олдсон харамсалтай хэрэг гарч, өдөр бүр энэ хэргийн тухай мэдээ мэдээлэл ТВ, сонин хэвлэлээр дүүрэн. Эхлээд аймшигтай хэрэг боллоо гэж шуугиж байсан нь одоо  олон асуудлаар маргаан өрнүүлж байна.
Хэргийн тухай товчхон өгүүлбэл: 13 настай хүү  гэр бүл, багш, найз нөхдийн хэлж буйгаар сэргэлэн цовоо, нөхөрсөг, спортод дуртай, сагсны багт явдаг, тусч сурагч байжээ. Ээж, 1 ах, 2 дүү, эмээтэйгээ амьдардаг, дүү нараа харж ханддаг, ээждээ тусалж байдаг ачлалтай хүү байсан гэх.
Сагс тоглох дуртай, хичээл номоо хэвийн хийж байсан хүүхэд энэ он гарснаас хойш хичээлдээ огт яваагүй аж. Багш нь санаа зовж, байнга хойноос нь утасдаж, энэ тухай ээжид нь хэлж өөртэй нь ч ярьж байв. Харин хүү хичээлдээ очсонгүй. Нэг найздаа "Би удахгүй алуулах байх аа" гэсэн мэссэж бичээд, удалгүй хүүгийн цогцос ийнхүү олдож, олон хүнийг цочроов.
Хэргийн сэжигтэн эздийг ч саяхан баривчлав. Хүү өнгөрсөн оны сүүлээс Кавасаки Улс хэмээн өөрсдийгөө нэрлэсэн хэдэн ахлах дунд сургуулийн хүүхдүүдийн бүлэглэлд орсон аж. 18 настай толгойлогчтой энэ бүлэглэл эхлээд нийлж караокэ орох гэх мэт гэмгүй байдлаар хүүг татаж өөрсдөдөө нэгтгэсний дараа харин жинхэнэ нүүрээ үзүүлж эхэлжээ. Хүүг дэлгүүрээс хулгай хий гэж дарамталж, эсэргүүцэхэд нь зодож орхиж. Хүү энэ бүлэглэлээс гарах гэж оролдоход нь сүрдүүлж айлгаж, улмаар хүү сэтгэл зүйн дарамттай, хичээлдээ явахгүй байх шалтгаан болсон аж. Эл бүлэглэл явж явж Исламын Улсыг дуурайж өөрсдийгөө нэрлэсэн, тэдний элдэв гаж ажиллагааг харж тэдэн шиг болох гэсэн, буруу нөлөөлөлд автсан хүүхдүүд болж таарав.
Хүүгээ ямар хүмүүстэй нийлж байгааг мэддэггүй юм уу гэж ээжийг нь буруутгах хүмүүс гарч ирсэн ч 4 хүүхэд тэжээх гэж өдөржин шөнөжин ажиллаж, ядарч цуцсан ээжид үнэндээ хүүтэйгээ тухтай ярилцах цаг зав боломж байгаагүйг мэдээд дуугаа хураацгаав.
Хүүг зодож, хүзүү бие рүү нь цаас зүсэгчээр хутгалж хороосон гол сэжигтэн нь 18 настай хүү. Японы хуулиар насанд хүрээгүй этгээд.  Өөрийнхөө хэрэг хийсэн шалтгааныг "Нас барсан хүү олонд нэр хүндтэй байгаад нь хорссон" гэж хэлсэн аж. 18 тай хүү өөрөө урьд нь ангийнхаа нэг хүүг зодсноос болж, бусдадаа гадуурхагдаж, ганцаардсан нэгэн байж. Тэрэндээ болж, бусдад хорссон сэтгэлтэй болж хувирсан уу, яасан мэдэхгүй юм даа.
Хэргийн тухайд гэвэл иймэрхүү.


Японы хэвлэл мэдээлэл энэ хэргийн тухай байнга гаргаж, ухаж төнхөх нь "хүний мууд дуртай" гэхээс илүү нийгмийн олон асуудлыг гаргаж ирж, олон хүмүүст янз янзын юм бодогдуулж маргаан өрнүүлж, хоёрхон долоо хоногийн дотор асуудлыг цогц байдлаар судалж байна.
1. Хүүхдүүдэд буруу нөлөө үзүүлж болох Исламын улс зэрэг террорист бүлгэм, гэмт хэргийн элдэв мэдээ мэдээллийг хэрхэн зөв хүргэх, яаж зөв ойлголт өгөх вэ.
2.  Өрх толгойлсон ганц бие эцэг эхчүүдэд хандсан, хүүхдүүдийнх нь хүмүүжил зэргийн талаар ямар бодлого байх вэ?
3. Хичээлээ таслаад ирэхгүй байгаа тохиолдолд сургууль эцэг эхтэй холбоо барихаас өөр ямар арга хэмжээ авбал зохих вэ?
4. Ойр хавьд дарамтанд орсон хүүхэд байвал хаана хандаж зөвлөгөө авах вэ?
5. Хэргийн сэжигтэн нь 18 настай. Японы хуулиар насанд хүрээгүй этгээд. Адил хэрэг хийсэн насанд хүрсэн хүнтэй харьцуулахад хөнгөн ял эдэлдэг. Харин энэ хэргээс үүдэж эрүүгийн хариуцлага хүлээх насыг 18 нас болгох хэрэгтэй юу? гэсэн маргаан.
6. Нэг шар сэтгүүл сэжигтний зураг, нэрийг нийтэлснээс болж насанд хүрээгүй хэрэгтний нас, зураг нийтлэхийг хориглодог хуулийг зөрчлөө гэсэн асуудал гарч, эргээд ер нь 18 нас хүрсэн бол нийтэлж яагаад болдоггүй юм гэсэн маргаан.
Эл хэрэг гарснаас хойш 2 долоо хоног өнгөрч байна. Энэ хугацаанд дээрх маргаанууд үргэлжилж, яамд төрийн байгууллагууд хэлэлцүүлэг хийж, судалгааны ажлын алба зэрэг байгуулж, Кавасаки хотоос дарамтанд байгаа хүүхдийн талаар дуудлага авах утас ажиллуулж эхэлжээ. Хүүгийн цогцос олдсон газар цэцэг, тоглоом тавих хүний хөл одоо ч тасраагүй л байна. 

Асуудалд цогцоор хандаж, тууштай байх практик суусан газар иймэрхүү байх юм. 

Эргээд 4 настай охины хэргийг ч бид цогцоор харвал маш олон зүйлийг олж харж чадна. Зэрлэг зан авиртай аавд нь охиноо өгөхөөс өөр аргагүй болсон эхийн цаана эдийн засгийн бэрхшээл, сэтгэл зүйн дарамт, хойд эх болж буй эмэгтэйчүүдийг ээж байх тухай зөвлөгөө, сэтгэл засал, 3, 4 настай хүүхдүүдийн хүмүүжил зан авирын талаарх эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө, хүчирхийллийн тухай ойлголт, хөрш айлууд танил нөхдийн зүгээс хийж болох алхам, Хүүхдийн эрх, эрүүгийн хууль, хүчирхийллийн эсрэг хуулийн хэрэгжилт, өөрчлөлт хийх шаардлага гээд бүгдийг тал талаас нь судлахгүйгээр ганц хүчирхийлэгчийг балбаад асуудал шийдэгдэхгүй. 
Бас хэн ч хүчирхийлэгч болж болдог гэдгийг л мартаж болохгүй. 

Thursday, September 25, 2014

Өвөөгийн булан

Ажлын ойрхон жижиг мухлаг ажиллуулдаг өвөө байдаг юм. Тэндээс хүнюм бараг авдаг ч үгүй, өвөө ч нэг их юм хумаа заръя ч гэж боддоггүй нь харагддаг. Хэдэн өрж тавьсан тамхи сэлт, царай муутайхан лангуу. Гэхдээ мухлагийн нэг талаа жигтэйхэн тордоно. Тэр нь хүүхдүүдэд зориулсан булан. Яст мэлхий, загас, хавч дун, хуучны утас сэлт гээд хүүхдүүд түүнийг нь барьж тоглоход өвөө туйлын дуртай. Байн байн үзмэрээ солино. Таньдаг хөгшид нь гараар хийсэн бүтээлээ бас тавьж сонирхуулна.
Өвөөгийн булангийн зарим зургаас сонирхууллаа.