Thursday, December 4, 2008

хууч


...Япон хөрш бүсгүй их ууртай орж ирэв. Мань эр ер нь ойрд нэлээн уцаартай, бухимдангуй байгаад байлаа. Нэг боломж гарахаар нь элдэв шалдав, ноцтой юм болоогүй биз гэж учрыг асууж, болбол хуруу хушуу нэмэрлэчих санаа гаргав. Ар гэрийн асуудал, ажил төрлийн хэрүүл уруул гээд ярьвал их л зовлон зүдгүүр байгаа бололтой. Миний зүгээс бодитойгоор үзүүлчих туслалцааны юм юу байна гэж бодоод бодоод олсонгүй. Эцэст нь угийн ухаант үгийг өөрөө л зохиосон юм шиг яруу уянгалаг, сэтгэл уярмаар хэлж чаддаг (хүмүүс ямар ч байсан намайг ингэж магтаад байдаг...олны үг ч ортой) авъяас билгээ гарган, сэтгэл санааны дэмжлэг үзүүлье гэж санав. Зөөлөн нь хатуугаа гэдэг үг байдаг шүү дээ. Тэр үгийг Япон хөршдөө тайлбарлаж хэлэх гэж нэлээн юм болов. Усаар жишээ авлаа даа. Усан дотор ямар ч төмөр чулуу хийсэн, төмөр нь зэвэрч идэгдээд, хатуу чулуу гөлгөр болж ирдэг гээд. Ус шиг зөөлөн байхад ямар ч хатуу хүйтэн хүн аяндаа зөөлөрч ирнээ гэж хэлж тайвшруулах аядаад, тэр өдөр өнгөрлөө. Ёстой гадны хамаагүй хүнд хэлмээргүй, хайрламаар сайхан үгийг тэр нөхөрт харамгүй хэлж тайлбарласан. Өнөөх маань ч ойлгоод л толгой дохиод л Аан аан гээд л байв. За ойлгосон ч юм уу бүү мэд, угаасаа Япончууд ойлгосон ойлгоогүй толгой дохиод За за, аанхаан гээд байдаг улс. Удалгүй надад мэйл ирэв. Өнөөх бүсгүйн ажлын газрын таньдаг хүнээс шүү дээ. Нээгээд унштал, тэд өдөр бүр ус шиг болох гэж хичээж байгаа бөгөөд надад тун их талархаж байгаагаа илэрхийлсэн байдаг юм даа. Хөрш нөхөр ажлын газрын хүмүүстээ очоод миний үгийг л хэлж тайлбарласан аж. За тэгээд тэнд хэсэг бүлэг хүмүүс ус шиг болохын төлөө хичээн мэрийн зүтгэж,"ус шиг болох"-ын ухаан философи хөгжиж, хөдөлгөөн бүлгэм байгуулж, сүлд дуу шүлэг, ном гаргаж ч мэдэхээр төлөвтэй. Надаар "ус шиг байх" тухай сургааль лекцээ биеэр ирж заалгах ч шинжтэй. Хөршдөө уур аашаа гаргаж чадахаа ч байх нь. Өнөөх маань өөдөөс Би ус шиг байхыг хичээж байгаа гээд инээмсэглээд байхаар тэр зөөлөн байж намайг буулгаж авах гээд ч байх шиг. Ер нь юу болоод байгааг ойлгохоо байлаа. Хамаагүй хүнд хайран үг хэлээд дэмий юм байна лээ.

...Хэд хоног орон орны нөхөдтэй хамт хичээлд суулаа. Африк, Араб, Ази гээд элдэв хангайн газраас түмэн олон цуглараад сайхан бужигналаа даа. Бид бүлэг болж хуваагаад, би хэдэн Африк нөхөдтэй хамт баг болов. Өнөө хэдтэйгээ энэ тэнүүгээр явж судалгаа хичээл хийгээд л. Тэгсэн тэнд би "од" болж тодорлоо шүү дээ. Цөөхөн хоног ч гэсэн "од" байх гоё юм байна лээ. Яасан гэхээр, өнөө Африк нөхөд чинь миний үсийг ирж илээд бариад үзээд салахаа байв даа. Амьдралдаа шулуун үс барьж үзээгүй нөхөд байна лээ ш дээ. Ер нь Африк руу үсний ширхэгээ нэг нэгээр нь савлаж экспортловол ашиг олох болов уу? За түүнээс гадна хамгийн хөгжилтэй нь надад нэг Африк хайрын захиа өгөв шүү дээ. Бод доо, төрснөөсөө хойш хайртай гэдэг эр хүнээс сонсоогүй, хайрын захиа зурвас эх хэлээрээ ч авч үзээгүй хүн чинь анхны хайрын захидлыг Африк нөхрөөс, англи хэлээр авдаг юм байна. Баярламаар ч юм шиг...яамаар ч юм бэ дээ...Надад ийм л юм дутаж дээ гэж санагдсан ч хөөрхөөн тэндээ догдлуулчихдаг эд байна лээ.

... Би тагнуулчтай хамт амьдраад байгаагаа мэдлээ шүү дээ. Нэг өдөр хөрш Япон маань тагнуулын тухай яриад салахаа байв. Хөөрхий маань зүүдээ ярих гээд хулгайгаа ярьдгийн үлгэр болох гээд байна уу. Өнөөх маань гадаадад байхад тагнуулын обьект болдог байснаа ярьдаг болов. Тэгснээ намайг гэнэт их асуултаар булж эхэллээ. Намайг ямар хүмүүстэй нийлдэг, тэр хүмүүс юу хийдэг, цаашид яах гэж байгаа зэргээс өгсүүлээд төрлийн юм сониучирхаж ирэв. Ингээд ерөөсөө хөрш нөхөр өөрөө айхтар тагнуулч байх нь гэж бодов. Хамтран байр хөлслөгчөө тагнуулч гэдгийг таамагласнаас хойш би ч баахан ажиглалт хийв. Миний орны хажууд гэгээн Мариагийн жижиг баримал гэнэт байхыг анзаарав. Манай хүн сэмхэн тавьчихаж. Чагнах төхөөрөмж дотор нь суулгасан байхаас зайлахгүй нь гэж бодоод өнөөхийг нь өвөртөлж гараад хол аваачиж хаячихсан. Тэгж ч хялбар тагнуулдуулахгүй шүү. Ерөөсөө тэр намайг тагнаад байгаа юм бол, би ч гэсэн яаж зүгээр байхав. Сөрөг тагнуулын ажиллагаа явуулна гэж шийдлээ.
Янз бүрийн юм тор дүүрэн авчраад хаяхдаа надаас нууж хаяад байгаа юм. Тэр хэрэглээд байгаа гоо сайхны эм, тос гээд юм хумныхаа хайрцаг савыг бүр нууна шүү дээ. Дараа тэрийг нь олзолж авч, Япон хүүхнүүд яг юу хэрэглээд залуу харагдаад байгаа нууцыг мэдээд чамд хэлэмз. Сөрөг тагнуулдаж тэдний олон нууцыг дэлгэнээ, гайгүй...

Tuesday, October 14, 2008

намар мамар

Монгол сайтууд, блог, варез сайт зэргээр орж үзэхэд манайд хувь хүн, байгууллага, төрийн нууц, нэр хүнд, алдар хүнд, доромжлол, гүтгэлэг, гутаах зэрэг ойлголт байна уу үгүй юу гэж гайхмаар. Угаасаа нууц далд зүйлд дургүй, ил тод, илэн далангуй, элдэв ну, но-гүй байхыг дэндүү ихэд эрхэмлэдэг юм болов уу даа. Саяхан Монголын хэд хэдэн байгууллагын цалингийн хэмжээ, ажилчдын нэрс, регистрын дугаар гээд нарийн мэдээлэл нь нэтээр цацагдсан явдал гарав. Хэний хэдэн төгрөг авдгийг мэднэ гэдэг ёстой загнатасан газар маажиж байгаатай ялгаагүй үнэн таашаалтай байж мэднэ. Зөвхөн тэр тоог мэдснээр атаа хорсол, жөтөө гээд ил далд олон зовлонг хөнгөлж өгч, санааг нь амрааж байж болно. Хэсэгтээ л өнөө хэн чинь хэдэн төгрөгийн цалинтай юм байна ш дээ, аргагүй ээ аргагүй сүүлийн үед гангараад байсан юм, эсвэл өө тэр чинь ёстой хөгийн цалин авдаг юм байна, нээх онгироод байсан чинь гэх мэтээр ярианы сэдэвтэй болно биз. Ийм мэдээллийг нийтэд ил болгох нь тухайн компани, тэдний ажилтнууд, бусад байгууллагад ямар сөрөг нөлөөтэй нь хэнд ч падгүй. Нэг зүйлийг ялгаж салгамаар байгаа нь хэний цалин ил тод байж хэнийх нь нууц байх ёстой тухай юм. Төрийн албан тушаалтнууд, ажилтнуудын цалин ил байх учиртай. Яагаад гэвэл бид татвар төлөгч, тэднийг цалинжуулагч, бас шууд бус утгаар томилсон, сонгосон. Харин зүгээр л мөрөөрөө амьдралаа зогоож буй жирийн хүний цалин пүнлүү, орлогыг түмэнд ил болгоно гэдэг орой шөнө хөнжил дотор нь шагайж, шанаагаа тулчихаад бие хааны өө сэв эрж, муулж сайлж байгаатай ялгаагүй.

Ер нь манай иргэдийн регистр, паспортын дугаар хэн нэгний хувийн компьютерт зугаа маягтай байхад гайхах зүйлгүй. Хамаг юм нь ил задгай, замбараагүй, хүмүүс нь өөрсдөө бүр нууц юманд огт дургүй улсад хөрш орны тагнуулчид хийх ажилгүй, толгойгоо маажаад самгарддаг байх. Аягүй бол нэг өдөр хөршөөсөө өөрсдийн иргэдийн нэгдсэн мэдээллийн эмхэтгэсэн санг гуйж авч халаах вий дээ.

Интернэтэд ийнхүү нууц, ил тод байх мэдээ мэдээллийн заагийг ялгаж салгахгүй баруун солгойгүй цацаж байхын хажуугаар бусдын нэр хүнд, алдар хүндэд халдсан, доромжилсон, гутаасан, гүтгэсэн шинжтэй зүйлс их гарах болжээ. Дотуур хувцастай хувцасгүй зургаа авахуулсан монгол охидыг элдвээр нь харааж, цоллож, тарааж цацах, нэг нэгнээ хэлэх хэлэхгүйгээр харааж зүхэх, нэр гуншин өгөх гээд. За тэгээд бүр цаашлаад найз нөхөд, танил хүмүүс, хамтран ажиллагсад, дарга цэрэг гээд хавийн хүмүүсээ илжиг, морь, гахай, коммунист гэх мэт олон янзаар хочлох, доромжлохын завсар нэрлэх, зарим нэгний нууцыг нь задлах, амьдралыг нь дэлгэх гээд л. Заримыг нь бүр өөгшүүлж, "болж, ёстой сайхан, бүр дахиад муулаад өг, нэмээд доромжлоодхоё" гэсэн хандлагатай. Лалын оронд нүгэл үйлдсэн нэгнээ чулуугаар балбаж хороож байгаа дүр зураг шууд нүдэнд харагдаж байгаа юм. Гайхамшигт Гүүгл этэр интернэтийн орон зайд бичсэн үсэг бүрийг л бараг хадгалаад, архивлаад, ёстой арилшгүй устгашгүй болгож мөнхөлж байгаа үед бичиж байгаа үг өгүүлбэр бүрээ бодолтой, анхааралтай байвал хожмын муу үр дагавараас хамгаалах юм даа.
Одоо ч бараг толгойтой бүхэн блог бичдэг болсон, бүр хоорондоо уулзалддаг, дам дамаа бие биеэ мэддэг болсон, дээр ойлгосончлон нууц юманд ясны дургүй хүмүүсийн хувьд хэчнээн нэрээ нуугаад тэр блог, сэтгэгдэл бичлэгийн цаана хэн байгааг мэдчихэд хялбар. Нэг гайгүй залуу байлаа гэхэд жоохон гүүглэдээд л нөхрийн хэрүүлч уруулч, хачин этгээд занг нь олчихно. Хөөрхөн охин доо гэтэл энд тэнд эвгүй авахуулсан зураг сэлт нь байх жишээтэй. Тэр нь ураад тастаад устах биш. Шадар гурван цэргийн Миледигийн шивээс шиг, за эсвэл Дэми Мурийн тоглосон Скарлетийн захидал кинон дээр гардаг шиг шившгийн цэцэг энгэртээ байнга зүүж насаараа адлагдах тавиланг сонгож байгаа...Үгүй ээ сонгож байгаа ч гэж дээ...зарим нь сайн дураар сонгож байхад заримыг нь бусад нь нийлж польдож байгаад хүчээр шивээс хийж, цэцэг зүүлгээд тавлаж байгаа юм шиг.

...Саяхан нэг Солонгосын жүжигчин бүсгүй (Choi Jin-sil) амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан. Солонгос кино барагтай үзэх биш, тэр жүжигчнийг сайн мэдэхгүй юм. Гэхдээ үздэг хүмүүс нь зураг хөргийг нь хараад бараг мэдэх байх. За тэр бүсгүйн тухай ч яахав. Гол нь бүсгүйн амиа хорлоход хүргэсэн том шалтгаан нь интернэтэд түүний тухай хэт их доромжилсон, нэр хүндийг гутаан дарамталсан хов живтэй холбоотой гэжээ. Мөн Солонгосын интернэт хэрэглэгч дунд яаж амиа хорлох, дэлбэрдэг бодис хэрхэн хялбар хийх, хүн алах арга чарга заах гэх мэт элдэв сайтууд байдгаас янзан бүрийн хэрэг гарч байна.
Энэ мэтээс болж Солонгос интернэтэд бусдын нэр хүндийг гутаан доромжилсон хов жив, гүтгэлэг зэргийг хянах, хуулийн хариуцлага оногдуулах арга хэмжээ авах асуудлаар хэлэлцэж эхэлжээ.
....Ямар нэг айхтар хэрэг явдал гарсны дараа төр засаг яах аргагүй интернэт ертөнцөд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байгаа байдалд хяналт тавих шаардлага гарч байгаа нь энэ. Интернэт хэрэглээний зохистой байдлыг хангах цагдаагийн тусгай алба гарч ч болно. Мэдээж хүнд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бүрэн байгаа ч түүнийгээ хэтрүүлэн хэрэгжүүлбэл хүний амь насанд хөнөөлтэй гэдгийг ойлгож байвал л...

Thursday, October 2, 2008

24

...Тэнд бодгаль биес зовлон гунигт унан тарчлахад энд өөр нэгэн бодгальс жаргалаа олж авдаг үйлийн үртэй бололтой. Хэн нэгэн хулгай хийж хэрэгт унаж байвал хуульчид өмгөөлөгчид цалин мөнгөтэй. Тэнд нэг хүн санхүүгийн хямралд ороход энд нэг мөнгө хүүлэгч алгаа илээд баясаад л. Шат, мөс юун дээр ч байсан яахав, хальтарч унаад хавирга, ууц, ахар сүүл гээд байдгаа хугалан алдахад хавийн хүмүүс хөх инээдээ дийлж ядан баясна. Түүний нөхөр нь араар урдуур тавиад, авгай хүүхдээ зовоож байгааг сонсвол тэсгэлгүй баярлан, ховын яриаг улам шимтэн сонсох гэж тэмүүлнэ. Нэг баян дампуурч гэж сонсвол "болж" гэж бод идсэн боохой шиг маасайна. Тэнд тэр үхэнгээ алдаж гэж дуулбал, "хөөрхий" гэж амандаа бувтнангаа өөрөө тийм гайгаас хол байгаадаа санаа амран, бага ч атугай жаргал мэдэрнэ. Цаашлаад бүр нүдэн дээр нь л зовж зүдэрч байгаагаа харуулахгүй бол жаргалдаа эрхэлсэн гэж ад үзэн, нэг л өдөр нураад унахыг хүлээн харц отно. Түүнээс ч болдог юм уу, бодгаль бид өвчин зовлонгоо ам уралдан ярьж, бие биеэсээ хэчнээн их илүү шаналан зовж, хорвоогийн бор өдрийг хэцүүхэн өнгөрөөж байгаагаа хэлэлцэнэ.
...Хэн нэгнийг зовлон гунигт унагаан байж жаргалаа олдог цэвдэг хорвоо. Эр, эмийн сайндаа бүтээсэн юм, болгосон гэж онгирох нь ахархан. Энд би амттай хоол модон савхаар савхдан идэж байхад тэнд тэр савхыг хийхийн тулд ямар үйлтэй хүний үр, яасан сайхан байгалийг устган, амьтан хорхойг үргээн үхүүлэн байгаа бол гэж хэтрүүлэн бодох нь юу юм бэ. Гэхдээ л бусдыг шаналалд оруулан байж олдсон "үнэтэй жаргал"аа үнэлэхгүй бол алдас болно чиг.

Wednesday, October 1, 2008

a crisis


...Гучин насны эргүүлэгийн зах зухад хүрээд ирэхийн алдад элдэв юм гэнэт их бодогддог бололтой. "Гучин насны хямрал" гэж нэрлэдэг ч юм уу. Хорин насанд ёстой уулыг нурааж, эргүүлж босгоод тойруулж хана бариад гээд л юу юу ч байсан хийхэд бэлэн, хүч чадал амтагдаж, хамаг л мэдлэг чадвар бүхнийг эзэмшиж мэдэхэд хялбар санагдсан үе. Надгүй яаж энэ орчлон эргэлдэж байв аа гэж бодох нь холгүй онгиргон нэгэн чавхдаж өгнө. Их дээд сургуулиа төгсөв үү үгүй юу дүү нараа гэгээрүүлнэ, сурган хүмүүжүүлнэ, эх орноо хөгжүүлнэ, дэлхий ертөнцийг аварна, болохгүй чадахгүй юм үгүй гээд л том том зорилго, мөрөөдөл тээнэ. Энэ эрчээрээ давхиад л нэг мэдэхэд гучин насны бараа харагдахын үед гэнэт тормоз авч бодолд орно. Нөгөө бүхий л хүсэл мөрөөдөл, аугаа зорилго юу болов, би юу хийж бүтээв, миний алдаа оноо юу байв, яг юуг хийж чадаж байна, алийг нь чадахгүй байна гээд өөрийгөө бодитоор үнэлж дүгнэдэг үе бололтой. Бараг л эрчимтэй амьдралын талыг нь өнгөрөөчихөөр элдэв юм бодогдох нь гарцаагүй. Ингээд харахаар хийсэн бүтээсэн юмгүй, олигтой амжилтгүй гэж өөрийгөө голно, энэ хэвээр энэ ажлаа хийгээд л байх уу гэж эргэлзэж тээнэгэлзэнэ, шинээр өөр салбарт хүчээ үзэх үү яах уу гэж эрсдлээ бодно. Төрийн байгууллагад ажиллаж байгаа нь хувийн бизнес рүү орох уу яах уу гэж байхад, компанид хүчин зүтгэж байгаа нэгэн төрд алба хааж албан тушаалтан болдог ч юм уу гэж бодолд дарагдах жишээтэй. Өмнөх шиг оргилуун романтик бодол ч зогсонги байдалд оржээ. Одоо бол эрсдэлтэй алхам хийхэд хайран цаг, дэмий хүч чадал, хайртай гэр бүл гээд харгалзах хүчин зүйлс нөлөөлж ч байгаа байх.
Арван хэдтэйд найзууд нийлж суугаад хөөрхөн залуу, кино, дуу хөгжим ярьдаг байв. Хорин хэдтэйд улс орны хөгжил дэвшил, улс төрчид, тэдний тэнэг мангарыг гайхаж, эх оронч үзэл санаа ямар байх вэ, бид юу хийх вэ гээд л глобаль зүйл ярьж томордог болов. Харин одоо өөрсдийгөө л илүү их ярьдаг болжээ. Амьдралын баталгаагаа л хэрхэн яаж бүрдүүлэх вэ гэдэгт л дор дороо санаа зовцгоож байгаа юм уу даа. Зогсож байгаа шатныхаа гишгүүрүүдийн хэр бат бөх байгааг нэг сайн шалгадаг үе.
Үүний зэрэгцээ "ганц бие, гучаад насны бүсгүйчүүд"-ийн бүхэл бүтэн нийгмийн давхарга, арми бүрдчихэж. Бизнес эрхэлдэг хүн бол энэ армийг зах зээлийн сегментээ болгоод юм хум хийвэл ашиг нэлээн олох байх шүү. Мөнгөтэй, боловсролтой, чадвартай бүсгүйчүүд. Энэ талаар нэг найз маань туурвил бичнэ гэж байсан тул тус сэдвийг үүгээр орхилоо.
...

Sunday, September 21, 2008

dull

Joel-Peter Witkin-ий бүтээл

Энэ зургийг хараад хэсэг алмайрав. Таавар таах гэж ядаж байгаа юм шиг юу өгүүлэх гээд, юу хэлэх гээд, юуг илэрхийлэх гэсэн зураг болохыг тааж ядан толгойгоо базлан хажуудах хүнийхээ хавиргыг хатган хамт бодолд дарагдав. Зүгээр харчихаад орхичихож болохгүй санагдаад блогт оруулав. Там юм уу, зүүдний орчин юм уу. Хүний дотор юм уу...
Ойрд нээрээ их өнгөтэй, тод зүүд их зүүдэлж байнаа. Бага байхад зүүдээ ярих гэхэд зүүд худлаа ярьдаггүй гэж аав их хэлдэг байж билээ.
Би юм уу эсвэл надаас тасарч гарсан өөр хүн ч юм уу...ярьж алдаж байнаа. Яараад л явж байна. Хаашаа явж байгаа юм бэ гэсэн чинь Жайка руу гэж байна. Жайка руу яах гэж байгаа юм бэ гэтэл шинэ төсөл танилцуулна гэчихсэн их эд ээ. Жайка жил бүр баахан хүмүүс Япон явуулж сургаж байна, сурч ирээд ажиллах нь ажиллаад, үлдэх нь үлдээд, өөр зүйл хийгээд яг үр дүн нь хаана байгаа нь тодорхойгүй. Энд зарж байгаа мөнгөнөөс заримыг нь эдгэрэх боломжтой, хорт хавдартай залуусыг шалгаруулж Японд эмчлүүлэхэд зарцуулах хэрэгтэй гэсэн ухаантай зүйл их чухалчлан тайлбарлаж байнаа. Жилд хорт хавдартай хорин залуусыг шалгаруулах бөгөөд эдгэрээд би юу хийх вэ гэсэн эссе бичүүлэх ч гэнэ үү. Ёстой хэнхэг зүүд гэж үүнийг хэлнэ байх даа. Бушуухан орондоо эргэж хөрвөж зүүдний сэдвээ өөрчиллөө.

Tuesday, September 9, 2008

Тэтгэлэгт хөтөлбөр

Ёкохамагийн Улсын Их Сургууль Дэд бүтцийн менежментийн чиглэлээр магистрын тэтгэлэгт хөтөлбөрөө зарласан байгаа. Мэдээллийг http://www.igss.ynu.ac.jp/imp/ynu_r/index.htm сайтаас авч танилцаарай.

Мөн тус сургууль Төрийн бодлого татварын чиглэлээр магистрт сургах хөтөлбөрөө зарлачихсан байгаа. http://www.igss.ynu.ac.jp/imp/index.htm

Аль аль нь англи хэлээр сургалтаа явуулдаг тул Япон хэлний мэдлэг шаардлагагүй.
Өргөдөлөө өгөх сүүлийн хугацаа 2008 оны 9 сарын 30.

Let me Lament

Ёшиказү Мэра- Японы контратенор дуучин. Багадаа үе мөчний хүнд өвчтэй, өсөлт муутай, байнга өвдөж, бүдэрч унахын төдийд яс нь хугарчихдаг эмзэг байсан гээд их зовлон үзсэн залуу. Сургуульд байхад нь үеийн хүүхдүүд түүний намхан тагдгарыг нь шоолон элэглэж элдэвлэж шоглож өгдөг байв. Биеийн өндөр нь ойролцоогоор 150 см болтой юм. Хажуудах төгөлдөр хуурын цаанаас толгой нь цухуйх төдий. Харахад эр эм нь мэдэгдэхгүй этгээд. Guy or girl? Анх Мононоке гүнж хүүхэлдэйн киноны Япон дууг сонсоод би эмэгтэй хүн дуулж дээ, яасан өвөрмөц хоолой вэ гэж бодож байсан чинь энэ нөхөр дуулсан байгаа юм даа. Тэгээд бурхан гэж үнэхээр хүний зовлон жаргалын бүгдэд адил тэгш байхаар заяадаг гэсэн бодолдоо улам үнэмшсэн. Хэдийгээр энэ дуучинд бие хааны үзэсгэлэнт, эрүүл саруул цогц заяагаагүй ч дуучин бүрд тохиодоггүй контратенор хоолойг бэлэглэж. Түүнийг хэн ч одоо элэглэж тохуурхах аргагүй. Түүнийг ганцхан бурхан л шүүх эрхтэй гэдэг шиг. Хоолойгий нь сонсоод л уяраад унаад уйлаад дуулаад суумаар хэвтмээр босоод гүймээр.
Аугаа их тэвчээр, сэтгэлийн тэнхээ, авъяас чадвар, түүнийг нь дэмжиж байсан аав ээжийнх нь өмнө мөргөмөөр.

Wednesday, September 3, 2008


Хорвоогийн жаргалын эдэлж, огторгуйн нарыг өвөртөлсөн шиг, намрын налгар сайхан өдөр налайж хэвтэх...

Tuesday, September 2, 2008

гэх мэт.

Үе үе энэ "би" би биш юм шиг санагдана. Хүний амьдралаар амьдраад ч байгаа юм шиг, эсвэл хүн миний амьдралаар амьдраад ч байгаа юм шиг. Бага насны "би" тэй нүүр туулбал тэр "би" одоогийн "би"-д сэтгэл ханах болов уу. Эсвэл бодож мөрөөдөж байсныг нь хаана ч юм гээчихээд, хамаг хүсэл тэмүүллийг нь орвонгоор эргүүлчихэж гээд уурлаж хашгичих болов уу. Өтөл насны "би" одоогийн "би"-д олон л юм үглэж дуулмаар санагдах байх. Харамсал харуусал аль болох багатай өнгөрсөн үеийг ирээдүйд өвдөг эрүү нь нийлсэн өөртөө үлдээхсэн.
Хааяа хааяа өнгөрсөн, ирээдүйн зангилааг зөв уяж зангидаж байгаа болов уу гэж санаа зовно. Өвөө эмээ намайг өвөр дээрээ өнхрүүлж, нуруундаа үүрч, дээдийн жаргалаар жаргааж байхдаа одоогийн навтгар, нармигар нөхөр болсныг хараад яах бол. Аав намайг төрөхөд өлгий рүү биш, үзэг цаас руугаа ухасхийж, ерөөл үгс холбож байхдаа тэр халзан улаан атигар бие одоо ингээд шальсан юмгүй, эргүү нэгэн болчихсон сууж байгааг хараад гутрах вий дээ. Ээж хүнд биеийн хүчээ шавхан барин сүүлийн захиагаа охиндоо гэж бичиж байхдаа охиныхоо одоог хараад гуних вий дээ.
Гэнэ гэнэ төрөөгүй хүүхэд, ач зээгээ бодно. Аав ээж эмээ өвөөгийнхөө тухай дурсахад үгс амаар багтан ядаж, бахархал цээжээр булгилдаг шиг, өөрийн үрсдээ тийм байж чадах болов уу. Хөрөнгө мөнгө, эд агуурс мөнх биш. Үргэлжлэх орших түүх дурсамжид нэр бүтэн сайн айл, сайхан гэр бүлийг үлдээж чадах болов уу.

Сэхүүн зун навчсаа гөвж, ширэв татаж ширүүн салхиар нүүр ороолгочихоод яваад өглөө...Сайхан зун байлаа.

Wednesday, August 20, 2008

Office politics

Хөөрхий би бол хэд хэдэн ангилалд зэрэг орчих л юм байна...

Friday, August 15, 2008

As Time Goes By

Яамаар ч юм бэ дээ. Сэтгэлийн хатуу, зөөлнийг яаж мэдэх вэ?
Тархи зүрх хоёрын хэмжүүрээр мянга түм хэмжээд ч яаж ч болдоггүй нэг тийм хэцүү сонголт ирэх үе байх. Сонголт гэж нэрлэх үү эсвэл зүгээр л амьдралын нэг л даваа гүвээ, зам харгуй гэх үү. Аль нэгийг нь хойноо хаяж, гээж, орхиж, салахаас өөр замгүй болоход өөртөө итгэлтэй байх тэр л шийдвэрийг гаргах гэж бодоо л, бодын шийрээ тоолоод л. Аль ч замаар явсан зөв буруу тэнцүү дэнслэгдэх биз. Тэр болтол...

Monday, August 4, 2008

Яамаар ч юм бэ дээ. Сэтгэл, ухаан хоёрын хэмжүүрээр мянга түм хэмжээд ч яаж ч болдоггүй нэг тийм хэцүү сонголт ирэх үе байх. Сонголт гэж нэрлэх үү эсвэл зүгээр л амьдралын нэг л даваа гүвээ, зам харгуй гэх үү. Аль нэгийг нь хойноо хаяж, гээж, орхиж, салахаас өөр замгүй болоход өөртөө итгэлтэй байх тэр л шийдвэрийг гаргах гэж бодоо л, бодын шийрээ тоолоод л.

Wednesday, July 23, 2008

....

Өмнө бол хулгайлаад, уугаад, шорон ордог байлаа. Харин одоо хулгайлаад, уугаад унтаад эсвэл хулгайлаад, хулгайлаад дахиад хулгайлаад тэгээд бүр улсын тэргүүн болдог болж.

Өнөө үед авилгалтай тэмцэнэ гэдэг нь авилгал өгч авч үзээгүй хүмүүстэй тэмцэхийг ойлгож байна.

Ард түмний зарц улам их болж, харин ард түмэн нь цөөрч байна.

Баригдаагүй бол хулгайч биш харин овсгоотой бизнесмэн.

Баячуудын зуслан гэж орчин үеийн пирамид юм. Хэмжээ нь аугаа, яаж ямар мөнгөөр боссон нь нууцлаг.

Яг үнэн хэрэг дээрээ муу төрийг саналаа өгдөггүй сайн иргэд сонгодог.

/зохиогч нь хэнийг мэдэхгүй/

Tuesday, July 1, 2008

зүрх савлав

Өнөөдөр гэрээс гартал пиг байдаг машинууд харагддаггүй ээ. Түгжрэл алга. Дайрчих гээд байдаг тэргүүд үгүй. Сэлүүхэн байв. Яасан юм бол доо гэтэл бензин үнэд орно гээд зарахаа больчихсон гэж байх юм. Сонгуулийн дараа хамаг юмны үнэ огцом өснө, төгрөг үнэгүйднэ гээд байсан яриа цуу үг биш юм байж дээ гэж бодлоо. Болоогүй ээ бас цахилгааны үнэ нэмэгдэж байна. Өглөө иймэрхүү эхлээд байж байтал өдөр тийшээ иргэний мөргөлдөөн залгуулж зүрх савлуулав. Төв талбай тойроод юу ч болоод байгаа юм бэ. Энэ үед мэдээллийг түргэн шуурхай төвийг сахисан байдлаар Ийгл ТВ хүргэж байлаа. Нөгөө намын харъяаны ТВ-ийн мэдээг үзээд дэмий. Босогчид хавь ойрын хавтан, цементийг хамжиж элбэн эвдэж жижиглэн Ху намын байр руу нүүлгэж, хамаг цонхыг нь хагалж дуусав. Энэ сонгуулиар амьдралд нь эргэлт гарна гэж олон хүн итгэж байсан ч бахь байдгаараа нөгөө л хэд дахиад гараад ирэхээр бухимдал дээд цэгтээ хүрч байгаа болтой. Хүмүүс янз янзаар л тайлбарлаж байх юм. Архи өгөөд турхирч байна л гэнэ. Мөнгө аваад оролцож байна л гэнэ. Толгой түрүүгээ хагалан барин ийм юманд улангасан орно гэдэг мөнгө, архинаас илүүтэй зүйл түлхэж байгаа нь тодорхой.
Цагдаа, хүмүүс бие биеэ зодож нүдэж гэмтээж байгааг харахаар юу ч хэлэх вэ.
Улс төрчид ширээ тойроод хэн нэгнээс буруу олж тохож, өөрсдийгөө уснаас хуурай гаргах гэж үзэж тарж үсэрч наалдаад л. Тэдний хамгийн гол зорилго нь цаашдын улс төрийн карьераа л цэвэрхэн авч үлдэх мэт. Түүнээс тэнд байгаа хүмүүс яагаад ингэж адгуус мэт улангасан байгаагийн цаад гол учиг шалтгаантай нь тулж байгаа юм алгөө.
Хэнд дараа нь бурууг өгөх вэ, хэнийг хорьж цагдаж, өөрийгөө өөдтэй байлгах вэ гэдэг эрхэм чухал болтой.

Онцгой байдал зарлаж, цуглаан жагсаалд оролцогсдыг баривчилж хаана ч юм аваачиж, хав дарж авах гэж хичээгээд байгаа ч энэ байдлын эх болсон яр шархны угийг эдгээхгүй. Ядаж Үндэсний телевизээс бусад нь ажиллахгүй болохоор мэдээллийн гачигдалд орж эхэлж байна. Тархи угаах ажиллагаа явагдаж байна уу гэлтэй...Түвдийн бослогын үеэр Хятадууд мэдээ яаж цацаж мэдээлж байсныг санагдуулаад байх юм.

Өглөө мэдээ үзтэл уран зургийн галерейд түймэр орж зураг баримал сийлбэр шатсан явдал байлаа. Хайран сайхан зураг бүтээл. Тийм явдал болж эхлэхэд л тэр дор нь үнэтэй зүйл, ялангуя оюуны өв болсон бүтээлүүдийг хамгаалалтад авч явах ёстой баймаар. Гэтэл галерейн дарга нь шөнө 1 цаг өнгөрч байхад түймэрт автлаа гэхэд л ирлээ гээд ярьж суух юм.

Юм юм л нэг л биш.

Saturday, June 28, 2008

Deer ueiin J-doramagiin duu

Нэг удаа Сократыг гудамжинд явж байхад нь танил нь тааралдаж ийн хэлэв:

- Сократ аа, чиний нэг шавийн талаар би юу сонссон гээч.

- Түр азнаарай. Чамайг тэр тухай ярихаас өмнө би Гурван шүүлтүүрийн шалгуураар шалгамаар байна.
- Гурван шүүлтүүр ээ?????
- Тийм ээ. Миний шавийн талаар ярихаас өмнө чи Гурван шүүлтүүрийн шалгуураар ярих зүйлээ нэг шалгачихад гэмгүй юм. Эхлээд Шударга үнэний шалгуур. Чиний надад ярих гэж байгаа зүйл үнэхээр үнэн үү?
— Үгүй ээ, Сократ минь. Би энэ тухай танилаасаа сонссон юм....
— Тэгвэл чи тэр тухай яг үнэн мөнийг нь мэдэхгүй юм байна шүү дээ. За тэгвэл одоо Сайн сайхан сэтгэлийн шалгуураар орно оо, хө. Чиний ярих гэж байгаа зүйл ямар нэг сайхан мэдээ, сэтгэлд баяр төрүүлэхээр юм уу?
— Үгүй ээ, харин ч эсрэгээрээ.............
— Тэгвэл, хөгшөөн, чи надад шавийн талаар таагүй муу зүйл хэлэх гэсэн юм уу. Тэгээд үнэн эсэхийг нь мэдэхгүй мөртлөө юу даа? За яахав, гурав дахь шалгуурыг давчихвал надад ярьж блно оо. Тэр бол Хэрэгтэй байх шалгуур. Чиний ярих зүйл надад ашигтай, хэрэгтэй юм уу?
— Үгүй л байх.......
— Тэгэхээр чи надад ямар ч ашиггүй, хэрэггүй, үнэн эсэх нь мэдэгдэхгүй, таагүй мэдээ дуулгах гэсэн юм бол ер нь тэр тухай ярихгүй байвал яасан юм бэ?
— Нээрээ тийм дээ. Чиний түмэн зөв......

Tuesday, June 17, 2008

зарим нэг хэцүү түнш

Монголдоо ирж ажиллаад зарим нэг төрлийн нөхдөөс болж ажил төрөл ахихгүй, хойшлох, нервтүүлэх, заримдаа залхаах байдал гарч байна. Заримдаа би тэр нөхдийг "амрагууд" гэж нэрлэнэ, яагаад гэвэл байнга тэр хэдийнхээ хойноос хөөж, хормой сэлтээс зуурна. Гэхдээ тодорхой ангилалд оруулчихаад байгаа л даа.

1. Бүлтүүш. Иймэрхүү төрлийн залуус нэлээн тааралдав. "Намайг тэнд явж байхад тэгдэг, энэ чинь ийм л дээ, би урьд нь тэнд тэгж баллаад дарга захирал нь шүтээд, сүйд болоод, энэ бизнес бол ёстой юу байсан юм, би хийчихнэ" гэх мэтээр бүлт бүлт үсрээ л байна. Холливуд инээмсэглэлээр инээж байгаа л хачин соёлтой боловсон загнаад л толгой түрүү эргүүлж өгнө. "Хоёулаа ингээ л хийчихнэ, юу байхав. Би судалж байгаа. Одоо удахгүй хийнэ" гэх мэтээр бас итгүүлж өгнө. Даанч ярианаас цаашгүй. Хийх нь үгүй. Яачихваа нөгөөх чинь гээ л хойноос нь чаргуулдахаар Өө яг одоо хийж байна, маргааш өглөө бэлэн болно гэнэ. Тэр маргааш өглөө нь болтол хэдэн үе жаран зуун өнгөрнө. Бүлтүүшүүдтэй харьцахад нэг сайхан нь жигтэйхэн эелдэг. Өөдөөс инээгээ л байна. Хөгшөөн, найз аа гээл нээх дотно дуудна. Тэгэхээр яах юм бэ, би. Бас л өөдөөс нь инээж л байгаа юм чинь дээ. Харамсалтай нь ажил хэрэг яриад тогтсон шийдэлд хүрнэ гэж хэцүү.

2. Бултууш. Бултууш бүр амны фигуртэй байж чаддаггүй, харин бүлтүүшүүд овоо сайн бултана. Зарим бүлтүүшүүд бүлтэрсэн хэвээр бултахгүй улам наалддаг. Бултуушууд бол юу л асууна, заа л гэнэ. Тэгье ээ л гэнэ. Тэгээд л алга болно. Бултаад алга болчихно. Бүр хилийн чанад рүү чавхдана. Арай л дэлхийг орхиод нисчихгүй юм. Хамгийн аюултай нь өгсөн үүрэг даалгавар, ажил төрөл бүгдийг ганцаараа өөртөө аваад бултаад алга болдог болохоор зарим тохиолдолд бултуушийг ирэхийг харуулдах шаардлага гарна.

3. Балтууш- Эд бол балладаг нөхдүүд. Авилгал, хахууль, аргалах ухаанд мэргэн гэж жигтэйхэн. Авилгал өгдөггүй тендер үгүй, хахууль өгөхгүйгээр хэрэг бүтэхгүй, аргалж л байж ажил амжина гэсэн бодолтой. Ийм хүмүүс бизнес хийхэд эхлээд бөөн шат дамжлагыг хурдан шуурхай шийдээд амар юм шиг, сэргэлэн нөхөд болж харагдана. Гэхдээ бизнес урт хугацааны байх, тогтсон аж ахуйн нэгж болж ажиллах гэх мэт төлөвлөгөөтэй бол эдгээр нөхдийн хийсэн болгон ёстой тээр тушаа, гай зэтгэр болж дараа нь толгойны үс зулгаасан зовлон болно.
Хахуульдаж аргалж авсан зүйлээ хадгалах, үргэлжлүүлэхийн тулд улам л ээдрээтэй байдал үүснэ. Монголд бизнес хийе гэвэл яг ёс горимоор нь хуулийн дагуу хийвэл болж л байна. Харин ч баталгаатай. Ёстой шүүхдвэл шүүхд бид хуулиа барьсан улс гээд бардам сууж байгаамдаа. Хэнийг ч гуйх шаардлагагүй хахууль энэ тэр хэрэггүй. Болж л байна. Явж л байна.

4. Бэлэнтүүш - Эд бол зүгээр л сууж байгаад мөнгө олчих санаатай үзэж тарна. Яаж зүгээр сууж байгаад мөнгөтэй болох вэ гээд л толгойгоо гашилгана. Тэгж байгаад баяждаг бол би өдийд тэрбумтаны жагсаалтыг тэргүүлэх л байсан. Ямар нэг хэцүү ажил гарахад гялс бусад руу шилжүүлчихээд л өнөөх л мөнгө олох аргаа бодоо л суугаа л байна. Орой нь бар цэнгээний газар тэрийгээ бас л бодно. Тэрийгээ их ярина өө. Хураасан хэдэн мөнгөө хэн нэгэнд өгчихөөд л тэр нь үржүүлээ л буцааж өгөх юм бодно. Иймэрхүү хүмүүстэй бизнес хийхэд хамаг юмаа өнөөхдөө өгчихөөд өөрөө зүгээр суух гээд зүтгээд байдаг төвөгтэй.

5. Чухлууд- Эд бол их хичээж байгаа нөхөд л дөө. Бүлтүүш гэхээр арай биш. Аль болох худлаа ярихгүйг хичээж байгаа. Бултууш ч биш. Гэхдээ бултахад бэлэн. Төрийн бус байгууллага, компани, охин, хүү, ач зээ компаниуд байгуулчихсан хажуугаар нь төрийн албанд ажил хийнэ. Бөөн нэрийн хуудас гаргаж ирээд алийг нь авах уу гэнэ. Уул нь мөрөөдлийн төлөө тэмцэж байгаа мэт боловч энд тэндгүй царцаа шиг үсчээд байхаар барьцгүй. Чухлууд гол нь чухалаа мэдрүүлэх гэж байдгаараа хичээх нь огт чухал биш надад бол ажлын хажуугаар тээртэй байдаг юм. Ажил ярьж байнгуут гэнэт Чи Богд уулын Их тэнгэрийн аманд газар авахад ямар үнэтэйг мэдэхгүй биз? эсвэл Бензийн ирэх жилийн загвар ямар үнэтэй бол оо, чи сонирхсон уу гэх мэт алгебрын бодлогоос хүнд асуулт асуудаг юм.

6. Томууд- За эд бол их том хүмүүс. Их том ярина, том машинтай, том байртай, том гүзээтэй, том түрийвчтэй, том компанитай гээд л бүгд л том. Би бол шар будааны үртэс төдий л харагддаг юм шиг байгаа юм. Харц дээгүүр, ер нь бол онийсон байдалтай. Хамрын нүхний үсийг нь би бараг тоолчихмоор. Дуу нь гарах гэж их юм болно. Ганц үг унах нь говийн бороо шиг. Хөл бөмбөг, сагс тоглохдоо ч костюмнаасаа салах нь үгүй. Тийм болохоор томуудад зориулж бараг тусгай талбай бэлдэхгүй бол ирэхгүй. Эд нартай харьцаж тоогдох л хэцүү. Томууд өөрийнх нь том баг уначихвий, жинхэнэ төрх нь мэдэгдчихвий гэж үнхэлцгээ хагартал айдаг нь өрөвдмөөр ч юм шиг.

За нэг ийм амрагуушуудтай бор өдрийг өнгөрөөж байна. Мартууш, Гүндүүш гээд цаашаа үргэлжлэвэл үргэлжлэх ч гэлээ үүгээр зогслоо.

Thursday, June 12, 2008

Намайг үгүй болохоор


When I Am Dead, My Dearest
When I am dead, my dearest,
Sing no sad songs for me;
Plant thou no roses at my head,
Nor shady cypress tree:
Be the green grass above me
With showers and dewdrops wet;
And if thou wilt, remember,
And if thou wilt, forget.
I shall not see the shadows,
I shall not feel the rain;
I shall not hear the nightingale
Sing on, as if in pain:
And dreaming through the twilight
That doth not rise nor set,
Haply I may remember,
And haply may forget.

~Christina Rossetti

Намайг үгүй болохоор....

Намайг үгүй болохоор, голын хайрт минь
Намайг үгүй болохоор шүү, ганцхан хайрт минь
Найзаа дурсан гунгигийн дуу битгий дуулаарай.
Өнгөлөг улаан сарнай толгойг дэрлүүлэн тариад
Өтгөн навчист агар зандан ч тордож суулгахын хэрэггүй.

Нойтон шүүдэр хурын дусал бөнжигнөсөн
Ногоон өвс болж харин дээр минь халиурвал л болж.
Болбол санаж яваарай, эс болбол яахав мартаарай.
Хөөрхий би чинь нөмрөөд ирэх сүүдрийг анзаарах ч үгүй
Хөшсөн бие маань шаагаад асгарах бороог ч ажрах ч үгүй
Гаслан гингэнэх мэт алтан гургалдайн дууг ч сонсох үгүй.
Харин газар дэлхийд ургах биш жаргах биш үүрийн гэгээг нэвт зүүдэлж
Хааяа нэг санаж ч мэднэ, Үгүй ч байж мэднэ....


Залуу бүсгүй аавдаа гомдолжээ.
- Аав аа, би үнэхээр ядарч байна. Миний амьдрал ямар хэцүү юм бэ. Бөөн л зовлон. Би байнга л гүйж хөдөлж байхгүй бол бологүй юм. Надад цааш тэмцэх хүч алга. Би одоо яалтай билээ?

Аав нь охинынхоо ярихыг сонсоод гал дээр гурван ижил саванд ус хийн тавьжээ. Буцлахад нь Нэгэнд нь өндөг, хоёр дахьд нь лууван гуравдахад нь кофе хийв. Тэгээд удалгүй өндөг, лууван хоёрыг гаргаж, кофег аяганд хийв.

- За хар. Юу өөрчлөгдсөн байна вэ?

- Өндөг лууван хоёр болчихсон байна. Харин кофе усанд уусчээ.
- Үгүй ээ охин минь. Гаднаас нь харахад л тийм байгаа юм. Сайн хар. Хатуу байсан лууван халуун усанд буцлаад зөөлөн болчихсон байна. Хагарчихмаар эмзэг өндөг хатуу болсон байна. Гаднаас нь харахад юу ч өөрчлөгдөөгүй юм шиг. Гэхдээ нэг ижил орчинд ороод дотор байдал нь өөрчлөгджээ. Яг л хүмүүс шиг. Гаднаа хүчтэй мэт хүмүүс зовлон жаргалд хөл алдаж унаж мэднэ. Гаднаа уян зөөлөн эсвэл сулбагар хүмүүс хатуу чанга болж магадгүй.
- Тэгвэл кофе? - гэж охин асуув.
- Аан! Энэ харин хамгийн чухал нь! Кофе халуун усанд холилдоод шинэ хэлбэрт хувирч сайхан үнэр гаргаж байна. Усны өнгийг өөрчилсөн байгаа биз дээ. Бас амтыг. Яг л үүн шиг онцгой хүмүүс бий. Тэд юу ч болж байсан орчин нөхцөлдөө уусаж, дагаж хувиралгүй харин түүнийг өөрийн дураар өөрчилж шинэ сайхан зүйл болгож байдаг юм гэжээ.

Friday, May 23, 2008

meaning of being a family

If he has family, he's rich.

Sunday, May 18, 2008

Улаанбаатарт мод навчаа дэлгээд ирэхээр сэтгэл санаа сайхан болж ирж байна. Блогийг хэсэгтээ бодохгүй, үзэх ч үгүй байлаа. Шинэ ажилд орчоод танихгүй хамт олны дунд учраа олохгүй мунгинаж, тэрэндээ өөрийгөө шоолж үе үе эвгүй авиа гаргаж инээсэн шиг л. Ядаж би хүний нэр тогтоодоггүй муу зантай юм. Би уул нь дуугүй даруухан хүн биш ч шинэ ажилд тийм байна уу бүү мэд, их намбатай байгаад байгаа. Хэр удаан үргэлжлэхийг би үл мэдсү. Болж л өгвөл нээх амаа нээмээргүй санагдаад байх юм. Амнаасаа болж их алдаж байгаа хүн л дээ би. Бүр цаанаас нь тэгээд программчилдаг юм болов уу, жишээ нь ямар нэг албаны уулзалт, албан ёсны зоогт орохоор яагаад ч юм нэг мэдэхэд би босчихсон үг хэлээд зогсож байдаг юм. За тэгээд өөрийгөө бариад, хүнээс зайдуу, ширээний захад, жаахан эвгүйтвэл гараад алга болоход бэлэн гээд хаалганы хавьцаа суухаар явж явж миний нэрийг дуудаад гаргаад үг хэлэх л болчихно. Үгүй ээ тэгээд аятайхан үг хэлчихгүй, олон юм бас их нуршаад чалчаад байхыг нь яана. Ямартаа ч хажуудах хүн ханцуй, хормойгоос татаад Одоо болноо болно гэж шивнэнэ. Ийм төвөгтэй байдал байдаг болохоор тийм арга хэмжээнд дургүй. Тэгэхээр төлөв байдалд шилжсэн чигээр аль болох гүрийх зорилготой байна.

Ирээд Монголд яаж амжилтанд хүрэх вэ гэж нэлээн судалгаа хийлээ. Найз нөхөд, танил, зүс таних хүмүүс гээд олны туршлага, түүхээс харлаа, үзлээ. Одоо хэрэгжүүлэх л үлдлээ. Гол нь их том том ярих хэрэгтэй юм байна. Том машин унаад, том түрийвч бариад, том том юм яриад, том том хүмүүстэй танилаа гайхаад, том том үнэмлэх диплом өрөөд, том том байранд, том том аягаар том том халбагаар том том үмхэж идээд гэхчилэн.

Хаана л очино зургийн аппаратаа гаргаж ирээд том том хүмүүсийн дэргэд очиж зургаа авахуулаад л, нэрийн хуудсыг нь цуглуулаад гүйчихдэг нэг нөхөр таних юм. Дараа нь түүнийгээ бусдад үзүүлэхдээ "намайг уриад, зөвлөгөө аваад, би баахан туслаад, хамаг материалаа англи, япон, зулу хэлээр надаар орчуулуулаад тэгээд оройн хоолонд орж яваад авахуулсан зураг" гэхчилэн том том тайлбарлана. Хүмүүс ч итгэнэ. Ингээд том том хүмүүс том том юм гуйдгийг бодохоор бүүүр том хүн байна гэж бодох жишээтэй.

Ирээд би их олон боломж алдсныг эргэн тойрныхон маань сануулаад сэтгэлээр унагаагаад байх юм. "Үгүй ээ чи, өнгөрсөн жилийн 9 сард л ирсэн бол байр хямдхан авах байлаа ш дээ", "Үгүй ээ, чи, оюутан байхдаа л хүнтэй суугаад хүүхэдтэй болсон бол өдийд ингээд бүхнийг ганцаараа хийх гээд байхгүй байх байлаа", "Үгүй ээ чи, аль дээр л тэр намд ороод идэвхтэй байсан бол одоо нэг албан тушаалтай байх байлаа", "Үгүй ээ чи, тэнд нэг контэйнэр барьчихсан байсан бол одоо байшин барих газартай байх байлаа" гэхчилэн харамсмаар юм их л ярьж байлаа. Өнгөрсөн жилийн 9 сард ид дипломын ажлаа бичээд Монгол ирж чадаагүй, оюутан байхад хувь заяаны эргүүлэг таарч хүнтэйгээ учирсангүй, тэр үед контэйнэр байтугай гутлаа авах мөнгө муутай цалинтай байлаа. Намайг харамсах бүрд харилцан яригчийн царай баяраар гийн улам бүр харамсуулах гэж хичээнэ. Хамгийн сүүлд нь "Үгүй ээ, чи, ирээ л шуудай будаа аваад тавьчихгүй" гэж аймаар шүүрс алдуулна.

За одоо зун боллоо. Хурдан намар болоосой гэж л бодож байна. Наадам болтол хол л санагдаад байгаа юм даа.

Thursday, April 17, 2008

гэртээ

Нутагтаа ирээд сайхан байна өө. Хөгжилтэй ч, хөөрхийлөлтэй ч юм их болж байнаа. Яг улаан шороо тэнгэр газар бүрхэж, үүлс хураа харамласан, салхи ширүүнээ үзүүлсэн үед ирээд жаахан шокийн байдалтай байснаа одооноос дасаад овоо хүн шиг болж ирж байна даа.
Ирээд л иргэний үнэмлэх, гадаад паспортын хугацаа сунгуулах, өмчлөх эрхийн өөрчлөлт хийх, оршин суугаа газрын харъяаллын шилжүүлэг хийх гэх мэт ажил ундарч төрийн албаны үйлчилгээг бие махбодь, сэтгэл санаагаар айхтар мэдэрлээ. Сайхан ч болжээ. Яаралтай, энгийн гээд үйлчилгээний хоёр төрөл байх. Энгийн бол дугаарлаад, хөлөө эцээгээд, дараа нь доод тал нь ажлын арав хоног эсвэл сар гаруй хугацаатай хүлээх аж. Гэхдээ үйлчилгээний үнэ хямд. Харин яаралтай гэвэл бараг л өдөртөө хамаг юм болж бүтээд, онцлог нь төлбөр нь өндөр. Яаралтайгаар гэнгүүт л үйлчилгээ ч бас арай ондоо болоод ирж байх шиг. Сэтгэл дагаад байна уу үгүй юу. Сайхан үйлчилгээ авъя гэвэл хувцаслалт, дүр төрх бас чухал хэвээр болтой. Ямар нэг асуудлаар хандахад эхлээд болохгүй, үгүй, эсвэл тийм тийм бичиг авчир, хоёулаа хамт ир гэх мэт хүнд суртлын маягийн үг сонсох магадлал маш өндөр бөгөөд тэгэнгүүт нь аан за гээд буцаад явчихалгүй, ах аа, эгч ээ, энэ чинь ийм ш дээ, тэр чинь тийм ш дээ, яаралтай байгаа юм аа гэх мэтээр учирлах уурлахын завсар хэлэмгий доломгой байх нь чухал юм аа.

Заримдаа өөрийгөө Биелэгдэшгүй даалгавар кинонд тоглож байгаа мэт сэтгэгдэл төрөх юм. Ялангуяа гэрлэлт бүртгүүлнэ гэдэг чинь гэрлэх хүнээ олохоос илүүтэй ярвигтай, янз үзсэн, тэвчээр шалгасан томоос том даваа юм. Үе үе өөрийгөө их л буруутай, нүгэлтэй юм хийж байгаа мэт төрийн албаны ажилтнуудын өмнө гөл авч байнаа. Гэхдээ би аливаа эерэг талаас нь харах хэрэгтэй гэсэн зарчимтай хүн тул энэ бүхнийг төрөөс хосуудад үнэхээр хайр дурлал, гэрлэлт, ирээдүйн төлөө ямар ч хүнд хүчир давааг ажрахгүй даван туулах чадварыг олгох үүднээс албаар ийм байдлыг үүсгэж байна гэж сэтгэнэм. Ингэж гэмээнэ бат бөх гэр бүл тогтох буюу. Тийм болохоор өөдрөгөөр хаалга үүд татан, бичиг сэлт цуглуулан, хөлийн тавхайг эргэтэл, хацраа сайрттал гүйв. Энэ зуур мэдүүштэй юм их үзлээ. Тухайлбал нэг дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн эмч нарын дүгнэлт өөр дүүрэгт хүчингүй ажээ. Өөрөөр хэлбэл Сүхбаатар дүүргийнхний хувьд Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн дүгнэлтийг л хүлээн авах бөгөөд бусад дүүргийн эмнэлгийн дүгнэлтийг огтоос хүлээж авахгүй. Хоёр өөр дүүргийн хүмүүс заавал аль нэгний хаягт хамт бүртгүүлсэн байх ёстой гэх мэт. Өөрийн хаяг дээр ганцаараа бүртгэлтэй миний хувьд төрхөмөө эзэнгүйдүүлэх болж, хорооноос заавал хэн нэгнийг тэр гэрийн хаягт бүртгүүлж үлдээхгүй бол шилжүүлэг хийхгүй гээд л асуудал их байнаа. Бас бүрдүүлэх баримт бичиг гээд үүдэнд наачихсан цаасанд дурдагдаагүй бичиг гарцаагүй нэхдэг гэх мэт. Бүх баримт бичиг бүрэн байсан ч заавал ямар нэг өө сэв олчих санаатай зүтгэнэ. Хэрэв бүр ямар ч өөгүй байвал царай зүс, өмссөн зүүсэн харж, хахуулиар хамаг юмаа хийчихсэн юм биш үү гэсэн мэт сэжигтэйгээр харна. Яг энэ үед л нүүрний буян буюу нүдэнд дулаахан харагдахаас их зүйл хамаарна. Бүр аргаа барвал тухайлбал өөр өдөр ир, одоо завгүй, цаг ав гэх мэт асуудал гарахад лам багш яг одоо л гэрлэлтээ бүртгүүлээрэй гэсэн юм, тэхгүй бол ирэх жил хүртэл хойшлогдох гээд байна гээд л зүтгэ гэсэн асар нарийн арга заль зааж өгөв дөө надад. Торгон ухаан, түргэн сэргэлэн зан, тэвчээрийн туйлыг шалгасан тун чиг зөв зүйтэй даваа гүвээ байна гэж дүгнэлээ.

Би гэхдээ ойлгоод байгаа юм аа. Бүх зүйлээ дүрэм журмын дагуу хийх гэсэн хүн тэр бүр гараад байдаггүй ч юм уу, хэрэв тийм хүн байвал ажлаа ёс журмын дагуу хийж, өөрийн үүрэг ролио мэдрэх алтан боломж ч юм бил үү. Үгүй ээ, тэгээд энэ ч тийм ч муу юм бас биш. Ингэж тоосорч чавхдаж байх зуур олон түмэн төрөл бүрийн арга чарга, учир начир, заль мэхийн талаар өгөөмөрөөр зааж өгч байлаа шүү дээ. Хойшид гэр бүл болсны дараа энэ мэдлэг хэрэг болж л таарна.

За тэгээд энэ бүх давааг элдэв хэрүүл уруул, бухимдалгүй даваад, таван зуун мянган төгрөг төсвөөс хорогдоно доо. Хамгийн гол нь энэ олон даваа гүвээг туулан байж й гэрлэсийм шүү гэж бодохоор юун салах барих, хачин их нандигнах шүү дээ.

Monday, March 24, 2008

тэмдэггүй


...Чингэхэд шавь асуужээ: Багш аа, гэрлэлт гэдгийг тайлбарлаж өгнө үү?

Багш хариулжээ:
Та хоёр хамтдаа байх гэж төрсөн, насан туршдаа бие биеэ түшиж амьдарна.
Та хоёрын дундуур үхлийн элчийн цагаан далавч дэвтэл цугтаа байх тавилантай.
Бурханы чимээгүй дурсамжид ч та хоёр хамт байна.
Гэхдээ хамт байна гэдэг тас зууралдана гэсэн үг биш ээ.
Тэнд, та хоёрын дунд диваажингийн салхи бүжиглэг.
Бие биеээ хайрла, гэхдээ хайраа зорилго болгож болохгүй.
Дурлал хайр- та хоёрын сэтгэлийн эргийг холбогч гүүр- давлагаалах далай болог.
Бие биеийнхээ уух аягыг дүүргэ- гэхдээ нэг аяганаас битгий уу.
Бие биедээ идэх талхыг өг- гэхдээ нэг зүсмээс хамтдаа бүү ид.
Цугтаа дуулж, бүжиглэж, хөгжилд. Гэхдээ бие биеийнхээ орон зайг хүндэл.
Пийпаа хөгжмийн чавхдас салангид ч хамтаа хөглөгдөн аялгуу эгшиг гаргадаг бөлгөө.
Бие биедээ зүрх сэтгэлээ өг. Гэхдээ бүү өмчил. Гагцхүү амьдрал л та хоёрын зүрхийг өөртөө багтаах чадал буй.
Хамтдаа зогс, гэхдээ бүү наалдаж нал.
Сүмийн багана бие биесээсээ хол зайдуу байдаг юм,
Царс, наргил мод бие биеийнхээ сүүдэр дор ургадаггүй юм.

Халиль Жебран (Khalil Gibran)

Sunday, March 23, 2008

миний урд

Ард алхсан гишгэсэн мөр... Урд...цав цагаан...цэлийсэн... Заримдаа бодох юм... Залуу байх ямар сайхан юм бэ...
Харуки Муракамигийн нэг номны талаар япон нөхрийн сэтгэгдэл тэмдэглэлийг уншаад уг номноос ишилж надаа хэлсэн найзын үг..."Чи миний ор тас мартаж, санахыг ч үл хүсэх тэр зүйлийг, тэр өнгөрснийг үнэхээр мэдмээр байна гэж үү?"

Ямар номон дээр нь хэн ийм үг хэлдэг юм бол оо?

...Үгүй ээ, би мэдмээргүй байна, бас чи ч дахиж санаад хэрэггүй. Тэр тэнд гишгэсэн мөртэй хамт үлдэг. Болоод өнгөрснийг дахин дахин босгож, амилуулж, байнга тэнд торлогдож байхыг хэн хүсэх билээ. Хоёулаа хамт ургашлая, явъя, гараа өгөөч...

үймсэн дотор


***Хөгшин муур явж байтал хөөрхөн жаахан муужгай дороо эргэлдэн нэг унаад л, буцаж босоод л, дахиж эргэлдээд л байхыг харж гэнэ. Хөгшин муур муужгайг өхөөрдөн асууж гэнэ.
- Чи яагаад дороо эргэлдээд байгаа юм бэ?
- Сүүлээ барих гээд.
Хөгшин муур балчир байхдаа бас л ингэж сүүлээ барих гэж оролдоод бүтэхгүй болохоор нь бухимддаг байснаа санаж гэнэ. Одоо бол сүүлээ төвөггүй бартчихдаг, хүрчихдэг болсон аж.
-Яагаад сүүлээ барих гээд байгаа юм бэ?
- Хэн нэг нь өмнө нь миний сүүл миний аз жаргал байдаг гэсэн юм. Тийм болохоор би аз жаргалаа алдахгүйн тулд баттай гэгч нь барьж авах гэсэн юм. Чингэхэд нь хөгшин муур муужгайг илэн хэлж гэнэ.
- Намайг яг чам шиг байхад хэн нэг нь энэ үгийг хэлж байсан юм. Тэргэхэд би бас яг л чам шиг сүүлээ барьж авах гэж адгаж байлаа. Өдөр бүр барих гээд чадахгүй, хүрдэггүй байсан даа. Сүүлдээ залхаад сүүлээ хөөцөлдөхөө байчихсан. Тэгсэн юу болсон гэж санана?
- Юу??????
- Томоо болсон хойно анзаартал сүүл үргэлж надтай хамт байгааг мэдсэн дээ.
****
Нэг нөхөр талийгаач болж. Нөгөө ертөнцөд Бурхантай хамт өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралыг эргэж нэг харж гэнэ. Тэгэхдээ амьдралыг харуулахдаа далайн эрэг дагуу элсэн дээрх хөлийн мөрөөр дүрсэлж үзүүлж гэнэ. Анзаартал, ихэнх үед хоёр хүний хөлийн мөр гарсан байтал, хамгийн их зовж шаналж байх үед ганцхан хөлийн мөр гарсан байж гэнэ. Хүн хэлжээ:
- Бурхан минь, та намайг хүнд хэцүү үед яагаад ганцааранг минь орхисон юм бэ? Яаж ингэж чаднам бэ? Бурхан хариулж:
- Би тэр үед чамайг тэврээд алхаж байсан юм аа.



***
Нэгэн хүн амьдралын зовлон бэрхшээлд зовж ядарч туйлдаа хүрч гэнэ. Тэрээр Бурханд ямар хэцүү байгаагаа хэлж, мөрөн дээрх ачаанаас нь хөнгөлж өгөөч гэж гуйн мөргөжээ. Бурхан өгүүлэв:
- За тэгвэл чи эндээс хүзүүндээ зүүж явах эрхиэ өөрөө сонго. Хүнд эрх хүнд ачаа. Хөнгөн эрхи хөнгөн ачаа болно. Ингээд Бурхан эрхиний агуулахад аваачив. Өнөөх эр өөрт ачаа бага байх эрхи хайж эхэлжээ. Ихэнх нь хүнд, эсвэл том, эв хаьгүй байлаа. Явж хайж хайж эцэст нь хамгийн хөнгөн, жижиг эрхийг олж
- Би үүнийг авлаа гэжээ. Чингэхэд Бурхан хэлжээ:
- Наад эрхи чинь угаасаа таны хүзүүнд зүүлттэй байсан чинь шүү дээ.

Ингээд энэ долоо хоногийн хагас сайн өдөр гэхэд эх орныхоо газар шороон дээр хөрвөөж байх нь. Юу хүлээж байгааг бурхан, чөтгөр хоёр л мэдэх байх. Гэхдээ бүх юм сайн сайхан руу тэмүүлж байдаг гэдэгт үргэлж итгэдгээрээ урагшаа.
Монголд намайг нүдээ ширгэтэл хүлээж байгаа хүн эмээ. Аргагүй, манайд байгаа хоёр эмэгтэйн нэг нь эмээ, нөгөө нь би юм чинь дээ. Сүүлийн үед өдөр нүдээ аниад суугаад байдаг болсон гэнэ. Яагаад ингээд байгааг асуухаар ач охиноо иртэл нүдээ гамнаж байгаа юм гэнээ. Ер наслаад нүд, чих нь аргагүй муудсан ч харъя гэснээ хараад, сонсъя гэснээ сонсоод л байгаа юм. Ойрд Монголын улс төр гэж бантангаа хутгаад эмээгийн дэмждэг ардчилсан нам нь хийморийг нь сэргэтэл хөгжөөхгүй байгаа бололтой. Очиж байгаад л улс төрийн халуун сонин, сонгуулийн прогноз сонсох гээд байгаа юм шүү дээ, эмээгээсээ.

Tuesday, March 18, 2008

Сканер вашего сердца (Триникси)



1. Ваш выбор символизирует человека, который мог бы вам понравиться в реальной жизненной ситуации.
Лошадь - Безудержный, свободолюбивый и свободный.
2. Ваш выбор символизирует впечатление, которые вы хотите произвести на человека.
Лошадь - Оптимизм.
3. Ваш выбор символизирует поведение, которое заставило бы порвать отношения с вашим партнером (любимым человеком).
Акула - Ваш партнер такой человек, который пойдет по головам и не остановится ни перед чем.
4. Ваш выбор символизирует вид отношений, которые бы вы хотели иметь с вашим партнером (любимым человеком).
Кролик - У вас очень теплые отношения. Вы всегда с любовью думаете и часто вспоминаете своего партнера.
5. Ваш выбор показывает смогли бы вы совершить измену.
Человек - Вероятнее всего, что нет.
6. Ваш выбор демонстрирует ваше отношение к браку.
Белый тигр - Для вас брак - это нечто драгоценное, когда вы поженитесь,вы будете высоко ценить брак и вашу вторую половинку.
7. Ваш выбор демонстрирует ваше отношение к любви.
Лошадь - Вы не любите длительных взаимоотношений, вы готовы только на флирт.

Пройти тест!

Monday, March 17, 2008

ууртай ууртай

Аймаар ууртай байлаа уул нь өчигдөр. Зулайнаас нь уур савссан, нүднээс нь гал гарсан, амнаас нь утаа савссан түнтийсэн юм л өнхөрсөөр гэртээ ирэв. Товчхондоо нутаг буцахын өмнө байрны эзэндээ мөнгөө дэлсүүлчихлээ. Ёстой уур их хүрэв. Байрнаас гарахад барьцаа мөнгөнөөс зөвхөн цэвэрлэгээний мөнгийг аваад буцааж өгнө гэсэн боловч цагаа тулсан чинь нэмэгдээд ариутгал, шал солих мөнгө орчихдог байна. Хагас жил хөлслөхөд ердөө гурван сар л амьдарсан, шаланд нь сэв ч суулгаагүй байхад шал солино гэж гэрээнд заагаагүй тусгаагүй асуудал гаргаж ирээд мэдрэлийн эс таслав. Ийм зүйл гэрээнд байгаагүй шүү дээ, анх байранд ороход хийсэн гэрээ, хүлээж авсан баримтад угийн хэд хэдэн газар шалны зураас гарсан байсныг тусгасныг эргэж харна уу гэтэл байрны эзэн болон зуучлагч компани хоёр ихэд гайхав. Энэ байрны эзэн угаасаа л ийм хэмжээний мөнгө авдаг, өмнө нь нэг ч хүн гомдол гаргаж байгаагүй, анх удаа та байлаа гээд эргүүлж тойруулаад, гэрээ, цаасыг үл тоомсорлож байх юм. Ариутгал, цэвэрлэгээ яаж ч бодсон тийм үнэтэй гарах учиргүй гэтэл тэр ажлыг хариуцсан компани нь өнөөх байрны эзнийх байж таардаг юм аа. Тэгэхээр үнээ өөрөө тогтоогоод, завших нь аргагүй. Хөлслөгч ч гэсэн үүнийг мэддэг ч юм уу, гарах эрсдэл гэж тооцолчихдог ч юм уу. Танай Иргэний хуулиар гээд л эхэлтэл зуучлагч компани тэр тухай огтхон ч сонирхохгүй байгаа нь илт. Эцэстээ над шиг асуудал үүсгээд байдаг буруу номтон тэр бүр байхгүйг ойлгов.
Байрны гэрээ байгуулах үед стандарт гэрээтэй танилцахад ихэнх заалт нь л миний үүрэг байхаас миний эрх ердөө хугацаанаас өмнө нүүх л байв. Гэрээнд барьцааны тооцооны талаар оруулж, төлсөн мөнгөө шаардах эрх, зайлшгүй гарах элдэгдэл хорогдлын тооцоог бодох аргачлал зэргийг оруулах санал тавьтал зуучлагч компани хэрэв тэгнэ гэвэл доод тал нь сар гаруйн хугацаа орох бөгөөд бүх хөлслөгчид нэг л гэрээний загвараар хийдэг тул таны энэ шаардлагыг бараг л утгагүй гэж үзэж байгаагаа эелдгээр хэлсэн л дээ. Тэгээд ч цөөхөн сар амьдрах байрны төлөө ямбагначихав уу, япончууд муухайтахгүй л байлгүй дээ гэсэн чинь хөнгөмсөг бодол байлаа.
Ер нь асуудлын гол нь мөнгөндөө биш, харилцан тохиролцсон хэлцэл, хүлээлгэж хүлээлцэж өгсөн бичигт хэт найдсандаа уур хүрсэн юм. Гэрээ бол баталгааны үүрэгтэй болохоос гэрээнд юу гэж зааснаас үл хамаарч гол асуудал, ноён нурууг практик, хэв маяг шийдэх нь тэрийг мэдэхгүй надад шударга биш санагдав. Яах гэж тэгвэл тэр олон бичиг цаас болсон юм бэ?

Хоёр жил найман сар амьдрахад Японд анзаарсан зүйл гэвэл нөхдүүд сав л хийвэл бичиг цаас, тамга тэмдэг дарах дуртай. Тэгсэн мөртлөө тэр бичиг цаасны агуулга, ач холбогдолын талаар тэгж их чухалчилдаггүй санагдсан. Хамгийн гол нь тэр баахан цаас нь нэгдүгээрт, ингэх ёстой гэсэн мануальтай, хоёрдугаарт тамга тэмдгээ дарж байгаа этгээд "цаасан дээр мөрөө үлдээсэн тул нэрээ хичээх, нүүрний арьсаа бодох"-ыг ухамсарлуулж байгаа юм байна гэж ойлгов. Ямар нэг асуудал, маргаан гарахад өнөөх бичиг цаас руу орохоос өмнө ам хэлээрээ зохицоод шийдэхийг эрхэмлэдэг бөгөөд байдал бүр бишдээд, дордоод, эцсийн шатандаа орохоор тэр гэрээ сэлтэд юу гэж бичснээ хуульчаар ч юм уу уншуулж асууж эхэлнэ. Тэгж цагаа гарзадсны оронд зүгээр л наашаа харж инээж, цаашаа харж ярвайсан л яалт ч үгүй дээр л болчихож байгаам.
Ерөнхийдөө нэр нүүрээ бодоод, хоорондын харилцаагаа хадгалах, муудалцахгүйн үүднээс өөрт хохиролтой байсан ч гэрээ хийх, төлбөр төлөх, үг дуугүй даган биелүүлэх зарчим дээгүүрт тавигддаг юм байна гэж стереотайпдаж дүгнэв. Тогтсон хэв маягаас амархан гарч, шинэчлэгдэхдээ маруухан ч юм уу. Бухимдаад дутуу дулимаг дүгнэсэн байж магад. Эрүүл ухаантай болохоор тухтай бодохоос.

Гэхдээ ч япон үг яриаг ойлгоод байгаа. Жишээ нь ямар нэг үдэшлэгт урихдаа "Ийм баяр болох юм байна. Төлбөр нь их үнэтэй, танай гэрээс хол юм даа. Буцаж харихад хэцүү юм даа. Нэг монголд байсан хүн ирэх юм байна лээ.Чи танихгүй л дээ" гэхчилэн яг намайг уриад байгаа юм уу эсвэл очоод дэмий дээ гээд байгаа нь мэдэгдэхгүй юм яриад эхэлбэл "очино оо" л гэх. "Ажилбар чинь их сайн болжээ. Одоогийн байдлаар энэ төвшинд хийнэ гэдэг болж байна. Хуудасны тоо зуугаас дээш байвал зүгээр. Гэхдээ болж болж" гэвэл хуудасны тоогоо зуугаас дээш гаргах л ёстой гэсэн үг. "Өнөөдөр тэндээс нэг хүн ирж лекц уншина" гэвэл аа тийм үү гээд өнгөрөх бус харин би тэнд суух ёстой ч юм уу. "Дөнгөж л хорьтой жоохон хүүхэд шиг харагдаж байна шүү. Эгдүүтэй хөөрхөн юм аа. Хуульчаар ажиллаж байсан гэхээр итгэмээргүй" гэх мэт зүйл яривал намайг "бацаан аа, чамайг хуульч гэхээр инээд хүрээд өхөрдмөөр байна" гэсэн үг биш, үнэнгээсээ л сайхнаар магтаж байгаа гэх мэт. Анх эргүүтээд ойлгодоггүй байсан чинь одоо бол овоо болчихоод байгаан.


Жич. Асуудал үүсгэсний ачаар ч гэх үү тээрээс ч гэх үү, байрны эзэн ядаж жоохон ч гэсэн мөнгө буцааж өгөхөөр болов. Заргач юм аа би.

Sunday, March 16, 2008

Milgram Obedience Experiment

Ажилд ороод хэдхэн хоноод, удаагүй байхдаа бага даргын тушаалыг үг дуугүй даган биелүүлээдэхсэн чинь уг тушаал нь дүрмийн бус байж таараад том даргаасаа банга хүртэж билээ. Юу юу ч гэж загналаа даа. Ямар ч дарга байгаад хүн ал гэвэл чи алах уу? Хуулиа мэддэг хүн байж даргын тушаалыг буруу байна гэж бодвол эсэргүүцэх ухаан алга уу гэх мэтийн агуулгатай л байсан. Чихний хулхийг нээж, нүдний нуухыг авсан шиг сайн банга байсан. Түүнээс хойш дарга босс хэнбугай ч бай тушаал заавар өгөхөд нь хууль дүрмийн дагуу биш л бол үгүй ээ, чадахгүй ээ, болохгүй ээ гээд гэдийгээд хэдэрлэдэг аашны тулам л болсон л доо.
За тэр яахав. Өөрийгөө ойлгох гэж психологидов. Өөрийн тэр дээр үеийн алдаа сургамжтай холбоотой ч юм уу, Милграмын туршилтыг үзлээ.
1963 онд Стэнли Милграм Дэлхийн 2-р дайны үед цэргийн албан тушаалтнууд дээд том даргын үгийг дагаж биелүүлсэндээ тэр олон мянган хүнийг хороов уу, эсвэл угаасаа хэрцгий хүмүүс байв уу гэдэг асуултад хариулахаар туршилт хийжээ. Тэрээр туршилтандаа урьдаас бэлдсэн нөхрийн биед нь цахилгаан гүйдлийн багаж зүүлгэн, багшаас өгсөн асуултад буруу хариулсан тохиолдолд тодорхой хэмжээний тог цохиулахаар "төлөвлөжээ". Багш сургагч этгээдэд асуулт тавин, эхний буруу хариултад 15 вольт, дараагийнханд вольтын хэмжээг ихэсгэсээр 450 буюу үхэлд хүргэх аюултай төвшинд хүргэх даалгавар өгч. Багш, сургагч хоёр өөр өөр өрөөнд оруулжээ.Үнэндээ бол тэр нөхөрт ямар ч вольт ирэхгүй бөгөөд харин тодорхой төвшинд ирэхэд нь болъё оо, зогсоогооч ээ, чадахгүй нь ээ, үхлээ гэх мэт үг хэлэх заавар авчээ. Харин "багш"-д энэ жүжиглэлтийн талаар хэлэлгүй нуужээ. Багш эхлээд буруу хариулахад тогоор цохиж байснаа вольтын хэмжээ ихсээд ирэхэд дахин хэмжээг ихэсгэхгүй, үргэлжлүүлэхгүй гэж татгалзахад туршилт удирдагч харин үргэлжлүүлэхийг шаардаж байв. Туршилтын үр дүн: оролцсон багш нарын 65 хувь нь 450 вольтоор цохиход бэлэн буюу олонх нь хэдийгээр цаана хүн үхэх аюултай байгааг мэдсэн ч тушаалыг даган биелүүлэх төлөвтэйг тогтоожээ. Үүгээр Милграм хүн өөрөөсөө илүү дээд албан тушаалтан, эрх мэдэлтний хэлсэн үг, заавар тушаалыг үг дуугүй даган биелүүлэх хандлагатайг харуулж байна. Мөн хүн эгзэгтэй үед шийдвэр гаргаж чаддаггүй буюу чадваргүй үед асуудлыг өөрөөс дээгүүрх этгээд ба бүлгийн гарт өгөх, тэрчлэн эрх мэдэлтний тушаалыг даган биелүүлэх үед хүн өөрийн үйлдэлдээ хариуцлага хүлээх тухай бодохоо байдаг байна.
Милгармын туршилттай холбоотой хүний хар, барзгар талыг харуулсан The Human Behavior Experiments баримтат киног үзвэл сонирхолтой санагдсан. Яагаад гудамжинд бүсгүй хүн тусламж гуйж орилоход хөршүүд цагдаа дуудаагүй, яагаад найз нь нүдэн дээр нь амь тавихад эмнэлэг рүү утасдаагүй, цагдаа гэж өөрийгөө нэрлэсэн этгээд утасдаад хувцасаа тайл гэхэд даган биелүүлсэн МакДональдсынхан ичиг ичиг үү, энгийн сайхан хүмүүс яагаад харгис хэрцгий болж хоригдол яргалж, тарчлаах болов гэх мэтийг сэтгэл судлал талаас харуулж тайлбарласан кино. Цаашлаад хало эффект, Festinger ба Carlsmith-ын туршилт, Стэнфордын шоронгийн туршилт, Робберсын агуйн туршилт, Asch-ын тест мэдмээрийн байлаа. Хамгийн гол нь хүнд юу юунаас ч илүү эрхэм, тэрбум сая долларт ч үл цохигдох эрхэм үнэт зүйлтэй байх нь чухал юм. Тэр нь мэдээж эд хөрөнгө бус харин ёс суртахууны тансаг дээд чанар, хүн байхын эрхэмсэг оршихуй ч юм уу. За тэгээд ийм үнэт зүйлтэй байлаа ч хар талаа арилгаж чадахгүй тул ямар нэг ёс суртахуун, ёс зүй, хууль дүрэм, хүний эрх эрх чөлөө, миний хүний хувь заяа, өөрийн, гэр бүл, улс орны нэр төр, өнгөрсөн ирээдүйтэй холбоотой асуудалд шийдвэр гаргахдаа ямар нэг бүлгийн, эрх мэдэлтний, хало эффект зэрэгт автагдчихаагүй байгаа гэдгээ бодож дүгнэж байх нь хэрэгтэй гэдгийг гүнээ ойлгож авлаа.


Friday, March 14, 2008

Тэнгэр минь гэж.

Амьдралдаа ээжтэйгээ ганц л удаа хошин шог явж үзсэн. Толгойтой бүхэн л хошин шог үзээд байх юм, тийм сайхан инээдтэй, хөгжилтэй байдаг юм байх даа, нэг удаа ядаж үзье гэж ээж санал тавьснаар харж хайж хамгийн гайгүй гэх жүжигчидтэй хошин шогийн хамтлагийн тоглолтыг үзсэн юм. Тоглолтын дараа ээж бид хоёрын стресс гарах битгий хэл, зүрх нь цохилчихсон, баргар царайтай, хана түших нь халаг болсон хоёр нөхөр гэртээ харьсан л даа. Тувтан л хараал зүхэл, хэрүүл, хашгираан, доромж үгс... Тэрэнд нь хүмүүс баясаж инээхэд нь бүр цөхөрчихсөн. Энэ Нөхөр гэсэн хошин шог тухайлбал нэг жишээ нь. Эхэлж сонсоод, шулуухан, хэлэхэд ой гутах шиг.
Эхнэр нөхөр хоёр бие бие рүүгээ хашигчаад л, ах дүү нар нэг нэгнээ хорлоод л, хадам ээжээ алах гээд л, ардуур урдуур нь тавиад л... Бид бодит амвдралыг л үзүүлдэг гэж хошин шогийнхон өөрсдийгөө хамгаалдаг. Хэний амьдрал? Өөрсдийнх үү? Эргэн тойронд уу?
Гэр бүл гэж ийм л аймшгийн орон биш баймаар. Уул нь монгол бүсгүйчүүд уламжлалаа бодвол намуун дуутай, уран үгтэй, уураа барьж, учрыг ухаанаараа олдог, гэрийн эззн эр хүнээ хүндэлдэг, журамтай гэж боддог. Жоохон байхад орос кинонд л хүүхнүүд хашигчаад л, үсчээд л, яаж эр хүн тэсдэг байнаа гэж гайхдаг байсан чинь одоо хошин шогийн тоглолтоор юм л бол монгол эмэгтэйчүүд ийм аймаар шулам мангаа нар уу гэж бодож зугттал орилуулчих юм аа. Болж л өгвөл эмэгтэйчүүдээр эрчүүдийг байдгаар нь доромжлуулж дуусах юм. Яс хавталзмаар. Хэрүүлийн үгсийг уран гарамгайгаар сэтгэн олж нийтийн муу ярианы үгсийн санг баяжуулж байгаад нь иймэрхүү хошин шогийн хамтлагуудад талархууштай ч бусдаар бол чиг...

Thursday, March 13, 2008

Randy Pausch Lecture

Карнеги Мэллоны Их Сургуулийн компьютер программын профессор, Alice программыг зохиогч, виртуаль ертөнцийн хөгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулж буй пионер Randy Pausch ходоодны хорт хавдрын хүнд шатанд орж, цөөхөн сарын настай гэж оношлогдоод байх үедээ "Really Achieving Your Childhood Dreams" Сүүлчийн Лекцээ өнгөрсөн оны 9 сарын 18-нд хийжээ. Энэ лекц маш олон хүний зүрх сэтгэлд хүрч, амьдрал ахуйгаа эргэж нэг харах, үр хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг хориглож хаалгүй дэмжих ухаарал хайрлажээ.
"Хэрэв та удахгүй үхэхээ мэдээд, хамгийн сүүлчийн лекцээ унших байсан бол оюутнууддаа чухам юуг хэлж ярих байсан бол?" Энэ асуултад Randy Pausch юу гэж хариулсан бэ гэдгийг Сүүлчийн декцээс нь үзээрэй. Сүүлчийн лекц: http://www.etc.cmu.edu/global_news/?q=node/42 - aas uzev.
http://download.srv.cs.cmu.edu/~pausch/-аас өөрийнх ьн лекцтэй холбоотой мэдээллийг татаж авч болно.
Бид бүгд л нэг өдөр энэ ертөнцийг орхих болно. Тэглээ гээд үхэлтэй эвлэрээд, "өө яадгийн, үхэх л юм чинь" гэж хэнэггүй амьдрах хайран. Профессор Pausch Сүүлчийн лекцээ хийснээр хүүхэд багачуул, хөгшин залуус, адилхан хорт хавдартай шаналж байгаа хүмүүстэй амьдралын үнэ цэнийн талаарх ойлголтоо хуваалцаж, итгэл зориг, хүсэл мөрөөдөл өгч байна. Юу юунаас илүүтэй профессор Pausch гурван бяцхан жаалдаа үргэлж нүдэнд нь харагдаж чадахгүй ч үг сургаал_ захиасаараа мөнхөрч, түшиг тулгуур болж явна даа.

Wednesday, March 12, 2008

Thursday, March 6, 2008

албадан инээх

Амьд байгаа мөч бүхэндээ баярладаг. Баярлах бүрд аз жаргал мэдэрдэг. Мэдрэх бүрд тэр бүхэн хөөс адил хөөрөн дэгдэж, замхарч алга болдог...Амьдрал хүсэл мөрөөдлийг биелүүлдэг, гэхдээ хүнд аз жаргал мэдрэх, үнэлэх эсэхийг нь өөрт нь үлдээдэг...Бие, сэтгэл хоёроо мөргөлдүүлж арцалдуулах шиг...Уухын ташаалдаа автан хайран биеэ гэмтээх, арван хуруундаа багтахгүй байтал хорь гучин бөгж хүсэх...

Тэр яахав ээ...Гол нь инээмсэглэ...Өнөөдөр хэцүү байсан ч, туйлын зовж шаналсан ч инээмсэглэ, инээ...Яагаад гэвэл:



Маргааш өнөөдрөөс ч илүү сайхан өдөр байж магад. Өнөөдөр маргаашийн босго...




эсвэл....




Маргааш өнөөдрөөс ч долоон дор байж ч магад. Өнөөдрийг хайрла...

Тийм болохоор өнөөдөр инээ... гэж айхтар сургаалдав.

Tuesday, March 4, 2008

Төрийн бодлого ба татвар тэтгэлэгт хөтөлбөр


Ёкохамагийн Үндэсний их сургууль хэд хэдэн тэтгэлэгт хөтөлбөртэй. Түүний нэг болох "Төрийн бодлого ба татвар" тэтгэлэгт Магистрын сургалтын зар гарчээ. Дэлгэрэнгүй мэдээллийг вебсайтаас нь аваарай.


http://www.igss.ynu.ac.jp/wb-ppt/howtoapply01.html


хичээгтүн


Чихэндээ нүгэлт үгийг бүү сонсъё хэмээн хичээгтүн.
Нүдэндээ самуун өнгийг бүү үзье хэмээн хичээгтүн.
Санаандаа хорт сэтгэлийг бүү үүсгэе хэмээн хичээгтүн.
Амандаа чалчаа шалигийг бүү үгүүлье хэмээн хичээгтүн.
.
...‘’Нэгэн үсгийн эрдэм’’ хэмээх сургаал

хад


Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг, бүр үнэгүй байлаа ч би суухгүй ээ. Өнгөрснийг өөрчлөх шидэт үрэл, бөгж, саваа өглөө ч би лав хэрэглэхгүй ээ.

Яг өнөөдөр, одоогийн "би", оршихуй ахуй, ухамсар - алдаа оноо, жаргал зовлон, гуниг баяр, инээд нулимс, өвдөлт шаналалтай хамт төгс төгөлдөр. Мөрөөдөл хүсэл биелж байдаг болохоор, заримдаа надаар тохуурхаж байгаа мэт шоглоомтой бүтдэг болохоор - одоогийн "би". Үүнээс илүү сайхан амьдрах байсан гэсэн харуусал- зогсолтгүй эргүүлэг.

Tuesday, February 26, 2008

just words


АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдчих магадлал өндөртэй хоёр нөхрийн мэтгэлцээн, маргаан сонирхолтой өрнөж байнаа. МакКэйнийг оруулбал гурав гэж болох юм. Гэхдээ МакКэйнд тийм ч их найдахгүй л байна. Клинтон, Обама хоёрын аль нэг нь гарлаа гэхэд нэг бол анхны эмэгтэй эсвэл анхны өнгөт арьстай ерөнхийлөгч болох. Ер нь тэгээд угсаа гарал, арьс өнгөний үзэл, жендерийн асуудал, эмэгтэйчүүд эмэгтэй хүнээ сонгох эсэх, залуу хүнд улс хариуцуулах итгэл гэх мэт олон зүйлийг шалгаж байгаа нэг шалгуур гэж ойлгож болох.
Миний сонирхолыг залуу, эрч хүчтэй Обамагийн эсрэг авч байгаа Хилари Клинтоны тактик илүү татаад байна. Наад зах нь Клинтоны хувцаслалт, биеийн хөдөлгөөн, олонтой харьцах харилцаа зэргээс авахуулаад. Анзаарвал Клинтон хатагтай Обамагаас дутахгүй цовоо харагдахаар тод шар, улаан, хөх, хүрэн гэх мэт өнгийн хувцаслалт, залуу үсний засалт гэх мэт, Обамад харин туршлагатай, итгэл даахаар харагдахаар сонгож өмсгөсөн /ард ажилладаг имижмэйкерүүд л шийддэг байлгүй дээ/ өмсгөл сэлтийг ажихаас авахуулаад гар биеийн хөдөлгөөнийг хэрхэн удирдаж зохицуулж байгаа нь сонин. Хүнд гадаад төрх, биеийн хөдөлгөөн, илтгэл тавьж буй ур чадвар, мэтгэлцэх авъяас энэ тэр нь бусдын сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдгийг судалж мэдэж байгаад хөрш айлынхаа хүмүүсийн хайрыг татах ажиллагаа явуулах гэж байгаа юм.

За тэгээд сүүлийн үеийн маргаан болох Обамагийн илтгэлдээ бусдын хэлсэн өгүүлбэрийг өөрийн юм шиг хэлсэн явдал байна. Хэн нэгний санаа, бүтээлийг өөрийн юм шиг болгож хэрэглэх асуудлыг эргэн харах шаардлагатайг харуулж байх шиг.
2007 оны Обама ийм үг хэлж: “I’m not just asking you to take a chance on ME. I’m also asking you to take a chance on your OWN aspirations.”
Яг энэ үгийг нь 2006 онд by Массачусетсийн захирагч Деваль Патрик “I am not asking anybody to take a chance on ME. I’m asking you to take a chance on your OWN aspirations.” гээд хэлчихэж.
Саяханы асуудал нь Wisconsin-д хэлсэн үг: "Don't tell me words don't matter. "I have a dream." Just words? "We hold these truths to be self-evident, that all men are created equal." Just words? "We have nothing to fear but fear itself"—just words? Just speeches?"
Энэ үгийг нь Патрик 2006 онд хэлсэн байж ""We hold these truths to be self-evident, that all men are created equal." Just words—just words! "We have nothing to fear but fear itself." Just words! "Ask not what your country can do for you, ask what you can do for your country." Just words! "I have a dream." Just words!"


Ингээд Обама plagiarism хийчихэв үү? Ер нь бол хийчихсэн л байна. Патрик харин Обамаг өмөөрч "ямар хуулийн нийтлэл, ном биччихсэн биш" гэж хамгаалж. Обамагийн найз Патрик факт болоод өнгөрсний дараа хэчнээн өмгөөлж хамгааллаа гээд plagiarism -ыг plagiarism биш болгож болох уу? Рlagiarism-ыг хэлсэн үгэнд ашиглахад ондоо, хэрэв ном, нийтлэлдээ хэрэглэвэл өөр үр дагавар хүлээж байх уу? Хэн нэгэн хүний урьд нь хэлсэн үгийг би тэхээр өөрийн үг шиг хэрэглэчихээд өнөөх хүн нь намайг өмгөөлчихвөл миний нэр цэвэршчих үү? гэх мэт асуудал гарна л даа.


Нөгөө талаас хүн болгоны мэдэх эсвэл бурхан болсон хүний үгийг өөрийн юм шиг буюу нэр дурдалгүй хэлвэл plagiarism болох уу? Сүхбаатар жанжны алдарт үгийг хэлвэл plagiarism болох нь юу л бол. Тэртээ тэргүй нийтэд танил болсон үгийг хэлэхэд Сүх жанжны үгээс иш татлаа л гэж шууд ойлгож болох. Харин хэн ч юм гадаадын алдарт улс төрчийн үгийг Монгол хэл рүү орчуулаад хэлчихвэл тэр хүр хүмүүс мэдэхгүй болохоор plagiarism болох гэмтэй. Үүнтэй адил оюутнуудад даалгавар болгож орос, англи ном тарааж өгөөд орчуулуулаад эмхтгэж өөрийн нэрээ тавьж хэвлэх, бусдын дуу, ая, шүлэг, клип гэх мэтийг өөрийн бүтээл болгон таввж алдар хүнд олж авах нь явуургүй л дээ. Бурхангүй газар бумба галзуурна гэдэг шиг. Бурхан нь мэдэгдэхээр бумба будаа болмоор.


Обамагийн хувьд эргээд Хилари Клинтоны plagiarism-ыг ухаж төнхөж эхэлж байна. Гээндээ ч бий гоондоо ч бий гэж...

Monday, February 25, 2008

Утас хангинав.

- Байна уу?
- Байна аа. /паг/
- Аанннн.....
- Энэ дугаарыг ээжээс чинь авсан юм
- Юууууу? /???????ээж?????? тэнгэрт хальсан эжийгээс минь үү?????/
- Ээж чинь туслалцаа хэрэгтэй бол хэлээрэй гээд энэ дугаарыг өгсөн юм.
- Та андуураад байгаа байх аа даа....
-Андуураагүй ээ.
- Үгүй ээ, уучлаарай....
- Чи хаана байна?
- Би дэлгүүрт байна.
- Хаанахын?
- Токиогийн.
- Аан. Нагояагаас хол уу?
- Хол оо.
- За тэгвэл яахав.
Дийд дийд....

Монголд: Утас дуугарав.

- Байна уу?
- Хэн бэ?
- Та хэнтэй ярих гэсэн юм бэ?
- Чи хэн бэ?
- Та хэн рүү залгасан юм бэ?
- Энэ 99-бла-бла мөн үү?
- Биш ээ.
- Тэгээд ямар дугаар вэ?
- 99-блэ-блэ байна.

Дийд-дийд....

Гэрийн утас чарлав.

- Байна уу?
- Факсаа дарчих.
- Факс байхгүй.
- Байхгүй ээ.... Ямар сонин юм бэ? Факс ерөөсөө байхгүй юм уу?
- Харин тэхххх, байхгүй.... Гэрийн утас л даа.. Та дугаар андуурсан бололтой.
- Чи Д биш юм үү?
- Биш.
- Тэгээд гэрийн утас гэдгээ түрүүний хэлэхэд яадгийн. Хамаг цаг үрээд....Тас....

Ажлын утас...
1,
- Хүү-Хаа газар байна.
- Юу гэнээ?
- Хаа газар байна аа.
- Юу гэнээ? Зүгээр л нэрээ хэлээч. Чи хэн юм бэ?

2,
- Хүү-Хаа байна.
- Танайхаас ирүүлсэн хурлын зарыг авсан. Манайх оролцоно оо.
- Аан за. Та хаанаас ярьж байгаа юм бэ? Яг ямар хурлын талаар та хандаж байгаа юм бол?
- Хаашаа хэн рүү юу явуулснаа мэддэггүй юм уу????? /тас загнав/

Япон...
/Би интернэтийн гэрээгээ цуцлав. /

- /Япон:/ Do you need us to send you the contract cancellation form?
- I am sorry... I have already made cancellation of the contract. So, I don't understand why do I need it.
- Do you need us to send you the contract cancellation form?
- I don't understand what is the contract cancellation form? Do I have to send it back to you?
- Do you need us to send you the contract cancellation form?
- Do you mean a notice of contract cancellation?
- Do you need us to send you the contract cancellation form?
- Well, if it is necessary to complete the procedure, please send me.
- Do you need us to send you the contract cancellation form?
- OK...then... please send me.
- Do you need us to send you the contract cancellation form?
- YES! YES! YES!
- Thank you very much.

Sunday, February 24, 2008

Гадаад иргэдийн бүртгэлийн газарт...

Найз олон удаагийн орох гарах визээ хүлээгээд, дэргэд нь би дэмий чалчсан шиг сууж байлаа. Гадаадын иргэдийн бүртгэлийн газарт хар, шар, бор, саарал, хүрэн, холимог гэх мэт төрөл бүрийн арьстай түмэн хүнийг харж, олон сайхан мэдэхгүй хэл нэгэн зэрэг сонсож болно. Бид хоёр хэн л тоож чагнаад ойлгов л гэж гэсэн шиг эх хэлээрээ чалчигнаж өгч байтал Солонгос бололтой охин, хүү хоёр урдуур гүйлдэж, хөөцөлдөн тоглож эхлэв. Гүйлдэж байснаа миний "гоо үзэсгэлэн"-д нүдээ булаалгав уу, гэрэл цохив уу, хүү нь миний зүг баясгалантайгаар харж, намайг өөдөөс нь инээтэл, гялс харцаа бууруулснаа, нүдний булангаар ширтсэн хэвээр мушийн, нөгөө охиндоо очин үл мэдэгдэх харь хэлээр нэг юм хэлж байв. Охин, хүү хоёр гартаа хуйлсан цаас барин, пин пин гэж дуугарч урд хойгуур гүйн, тэгэх болгондоо намайг харан харан баясан баясан инээж байв.
Найздаа гайхуулмаар санагдаад хэллээ: "Харав уу, энэ хоёр намайг хараад салахаа байлаа. Хүүхэд, нохой хоёр сайн хүнийг андахгүй гэж... Хаа яваа газарт хүүхдүүд намайг харахаараа инээд алдаад, таг ширтээд тоглож наадах гээд эхэлдгийм ш дээ... Ямар ч ааштай хүүхэд байсан намайг харахаар л зөөлрөөд ирдэг юм... Аргагүй сайн энергитэй, сайхан сэтгэлтэйг маань мэдээд байдаг юм шиг..."
Найз ч юу дутах вэ гээд л "Чухам аа чухам... Чи бид хоёр адилхан юм байна... Намайг бас тэгээд байдаг юм..." Ингээд л найз бид хоёр хүүхдүүд бидэнд хэчнээн хайртай дуртай, өөрсдийнхөө үнэхээр сайн хүмүүс болохыг мэдэрч, олон янзын тохиолдлыг өрсөн өрсөн ам булаалдан чалчигнаж эхлэв. Түүнийг нь батлах гэсэн мэт өнөө хүү, охин хоёр нэг хэсэг л бид хоёрыг жаргалтайгаар харан урдуур гүйлдэв.

Хүү охин хоёр... Хүү охинд Солонгос хэлээр хэлж байна : "Энэ зэвүүн муухай харь гаригийн маасайсан царайтай малигар эмэгтэй, дэргэдэх гонжгор этгээд эрэгтэй хоёр дэлхийг сөнөөхөөр ирсэн байна. Хоёулаа энэ хоёрыг лазерын буугаараа буудаж эх дэлхийгээ аврая. Чи эмэгтэйг нь би эрэгтэйг нь...Гэхдээ хоёулаа мэдэгдэж болохгүй...Инээж байгаад сэмхэн сэмхэн буудахгүй бол энэ хоёр ээж аавыг бариад авчихаж магад...". Охин: "Өөдөөс нь инээхээр эргүүлж инээгээд байна...Мангар юмнууд..."

Wednesday, February 20, 2008

- Үсээ тайруулбал1900 иэн, тайруулаад сэнсдүүлбэл 2900 иэн, тайруулаад угаалгаад сэнсдүүлбэл 3500 иэн.
- Зүгээр тайруулбал яах уу?
- Тэгвэл тайраа л болоо. Үсний "үртсүүд"ээ өөрөө цэвэрлэнэ.
- Ерөөсөө цэвэрлэхгүй гэсэн үг үү?
- Тэгэлгүй яахав. Та өөрөө цэвэрлэнэ. Тэр буланд... /тэр булан нь хэрэг хийсэн нөхрийг олны өмнө жигшээх зорилгоор гаргаж зогсоодог баймаар интерьер дизайнтай/

Ай хөөрхий ингээ л намайг дээрэлхээд байгаам даа. 1000 иэн хэмнээд тэрүүгээр Тооёотогийн сүүлийн үеийн загварын машин авч, Сонигийн компъютер цохиж, хариултанд нь ганц сайхан гоймон идэх гэсэн хүсэл талаар өнгөрч байгаам. Хамгийн хямдхан үсчин "1900 иэн" гэхээр нь яваад оосон нь ийм. Арай л өөрөө талыг нь тайрвал 1000 иэн болоод хямдарчих нь уу гэсэн болсонгүй. Хүнээр бол хөнгөхөөн тоглоод байгаа байхгүй юу. "Манай дэлгүүр хямдрал зарлалаа. Огцом хямдраад бараа таваар 100 иэн боллоо" гэсэн зараар уулгамчлаад очвол даавуун, час улаан өнгөтэй "эмээ" дотуур богино өмд л ганцхан 100 иэн болж, бусад барааны үнэ 5-10 иэнээр л хямдарсан байх жишээтэй. Ийм л тохуутай байна ш дээ.

Арзайсан хэдэн хялгасаасаа авахуулж толгойгоо хөнгөлж, шампунаа хэмнэж, өглөө босоход үзлийн царайнаасаа үргэж орилохгүйн тулд, бас дээр нь өнөөдөр үсээ хяргуулбал эд хөрөнгө мал арвижна гэх мэт олон учир нигуурын үндсэнд үсчний эрэлд гарсан нь энэ. Өчигдөр ганц бие найзуудаас зарим нь үс ноосноосоо салсан сурагтай. Сайн нөхөртэй учирах ч гэнэ үү, уулзах ч гэнэ үү тун чиг сайн өдөр байсан гэнэ. Төвөг төвөг, өчигдөр үсээ засуулчихсан бол сайн хүнтэй уулзаад учраад тэр хүнээ гомдоож тарчлаагаад үйлдсэн муу муухай дээрээ нэмээд дийлдэшгүй нүгэл болчоод, тамын туйлын ёроол руу сүнгэчихнэ. Би ч там руу явна байх л даа, гэхдээ явлаа гэхэд өөрийнхөө мазохист зан авирт тохирсон газар очиж буумаар байгаа юм. Яахав би, угийн шуналын тулам болохоор мөнгө төгрөг өөрөө нэмэгдээд, түрийвч дураараа түнтийгээд, банкны дансан дахь тооны орон тоймшгүй болох тийм л өдрийг сонгож албаар үсчин явдаг эрхэм зуршилтай л даа. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг биз дээ. Хичээгээд л байна. Заяа мэдэж байгаа байх аа эзнийхээ хэр их уйгагүй зүтгэж итгэж хичээж байгааг.
Одоо манай лам нар хумс авахад сайн муу өдөр, хөмсөг зулгаахад өлзийтэй нүгэлтэй өдөр, чихний хулхиа цэвэрлэхэд болох болохгүй өдөр гээд апдэйт хиймээр юм. Болж өгвөл олон олон баяжих өдөртэй баймаар байх юм. Шилжилтийн нас дуусах эмзэг үед юунд ч билээ уурлаж бухимдаад ерөөсөө үхье гэж бодоод "үхэх өдөр" гэсэн хамгийн аймаар гарагт очоод үсээ засуулсан...яасан....ээж сүм очоод бөөн ном уншуулснаас болсон уу, эсвэл би амь нас батжих өдөр үсээ дахиад засуулснаас болсон уу одоо болтол амьд сэгсийгээд л байж байна. Үгүй яахав, дал ная гарчаад нөгөө ертөнц рүү явахын өмнө тэр өдөр дэмий л үсээ засуулж гэж харамсчих вий л гэж бодох юм. За нэг ийм дүүрсэн засаршгүй мухар сүсэгтэн болой. Баахан үхэх сэхэх юм биччихлээ. Муу хүн талийхгүй ээ. Тамд нь баттай унагахын тулд олон муу зүйл хийлгэж удаан наслуулж байгаам ш дээ.

Үсээ засуулсан чинь бөндгөр маань хөнгөрөөд сайхан болов. Бас ч үгүй, биеийн жин 200 граммаар буурав. Тэгээд л том ажил амжуулсан хүн чинь эд хөрөнгөө арвижахыг хүлээн олон юм бодож эрэгцүүлж толгойгоо сэжин суулаа. Монголд очихоор ажилгүйчүүдийн эгнээнд конничивадах дүр зураг бууж байгаа болохоор Чингис онгоцны буудалд буунгуутаа Шуурхай зар, Түмний зар, Олны зар, Олон зар, Онцгой зар гэм мэт сонин авч ажлын зар хайх зэрэг том том төлөвлөгөөтэй.

Monday, February 18, 2008

Хичээл дуусаж, нутаг буцах бэлтгэлдээ орон, нүүдэл суудлаас өөр онц чухал ажил үгүй, гэдсээ илсэн, толгойгоо маажсан завтай нөхөр өдрийг нэтэд өнгөрүүлж байх шив.
Энэ еврэйчүүд үү...Онцгой чадвартай улсууд юм аа.
1928 оны 9 сард буюу Австрид фашизм газар авч эхлэх үед аавтайгаа хамт хийсэн уулын аялалын үеэр аав нь золгүйгээр өөд болж, улмаар аав нь хэрхэн амиа алдсан нөхцөл байдал тодрхой тогтоогдоогүй ч эцгийгээ хороосон хэрэгт сэжигтнээр татагдан арван жилийн ял авсан Philippe Halsman хэмээх еврэй нөхрийн шүүх ажиллагааны талаар харуулсан Жамп/ Үсрэлт гэдэг дүрст ший үзэв. Шүүх эмнэлэгт анх удаа цусны бүлэг тогтоох аргыг хэрэглэсэн, анти-еврэй хөдөлгөөний үед еврей хүнийг өмгөөлсөн, аан тийм бас садар самууныг сурталчилаагүй гэх мэтийн учир шалтгаанаар үзүүштэй кино.
Өмгөөлөгчийн ур чадварыг сониучирхан болж өгвөл сурчих мэдчих санаатай байсан чинь хадуураад Philippe Halsman-ы уран бүтээл рүү халиад явчихлаа.

Эйнштэйн, Томас Манн нарын дэмжлэгтэйгээр Philippe Halsman өршөөгдөн 1931 онд Австри улсад хэзээ ч эргэж ирэхгүй нөхцөлтэйгээр орхин одож зам мөрөө хөөсөөр аугаа гэрэл зурагчин болж гэхчилэн амьдралын түүхийг нь надаас биш Википедиагаас олоод уншчих биз ээ.
Сальвадор Дали, Эйнштэйн /одоо ч энэ хүний нэр юм юманд л сөхөөстэй, дурдаастай, Эйнштэйнгүй л бол утга учиргүй болчих гээд байх болж/, Пикассо, Альфред Хичкок, Уинстон Черчиль, Кеннеди гэх мэт олон алдартануудын зургыг гайхамшигтай авч түүхэнд үлдээсэн шүтмээр зурагчин юм.
Гэрэл зургын ертөнцөд үсрэлт гэсэн пилосооп гаргаж олон сайхан алдартай нэртэй хүмүүсийг үсэргэж харайлгаж хөөргөж дэвхцүүлжээ.

"Хүн үсрэх үедээ хамаг анхаарлаа үсрэхдээ голлон төвлөрүүлдэг болохоор баг нь тайлагдаж жинхэнэ доторх хүн нь гарч ирдэг"

Philippe Halsman

Үсрэлт гэснээс би ч удахгүй өөрийнхөө үсрэлтийг хийх гээд уул хадны ирмэг дээр Титаник зогсолттой, харц гэж алсыг ширтсэн, ухаалаг дөлгөөн, дуу хоолой гүн, намуухан, арван минут тутамд Сэтгэгч / The Thinker уран баримал лугаа адил болж, бодолд дарагдана. Эх орон минь ээ, тосоод аваарай, зөөлөн газардуулаарай.

Saturday, January 26, 2008

мунхагт ёроол үгүй, мунагт хязгаар үгүй


Удахгүй их завсарлага дуусах тийшээ орж байна. Нэг л их зузаан том тэвэрчээд л, сургуулийн байшингуудын дундуур духаараа ийш тийш эвгүй харц шидлээд л, сэгсийсэн үсэндээ орооцолдчоод, сарамхай гутал өшиглөчин чухам номын царайтай байсаар даруй хоёр жил хэдэн сар өнгөрчихлөө. Шар будааны хэмжээнд ч хүрэхгүй шалчгар тархиндаа ганц үрчлээ нэмчих санаатай эргээд оюутан болсон чинь дипломын ажлаа хураалгасны дараа зам мөрөө эргээд хартал юу ч санаанд ордоггүй байна шүү. Сурсан эрдэм нээх сайхан эвшээгээд суниаж байх үед сугаар гараад ойчоод алга болсон бололтой. Хөөрхий нэг төгсөлтийн ажилбар бичих гэж ямар ч их цаас, бал, хэвлэх, хувилах машины хор үрэв дээ. Лавтай нэг үхэр тэрэг ачаа мод талийсан нь дамжиггүй. Гэвч харамсалтай нь үрсэн модны үнэ өртөгт дүйхээр олигтой юм бичээгүй нь тодорхой. Ёстой л тэрэг модоор шүдний ганц чигчлүүр л бүтээсэн болов. Тэгээд энэ чигчлүүрээ жаазанд хийгээд хоймортоо хадчихна.
Бодохнээ, эцсийн дүнд онолоор хэрхэн хутгаар мах татаж, ногоо сэлт хэрчих талаар арвин мэдлэгтэй болоо л нутаг буцах нь. Очоод л, ахдаа буузны мах татах үйл ажиллагаа нь хуушуурын мах хэрчихээс ондоо технологитой бөгөөд хутгаа баруун тийш үл ялиг 5 градус далийлгавал зохистойгоос гадна, мах татах хурд нь тухайн үйлдэл хийгч этгээдийн гарын алга, хурууны өргөн богино болон хутганы урт бүтэцтэй онцгой хамааралтай болох талаар бүтэн өдрийн төлбөртэй лекц уншиж гэр бүлийн бизнес хийх асар шинэ санаа өвөрлөтчихсэн гэж байгаа. Үнэндээ өчүүхэн мэт санагдаж байж болох ч энэхүү арга технологийг зөв мөрдөж махаа татвал буузны амт хэрхэн өөрчлөгдөж, идсэн хүний ходоодонд таашаалтайгаар шингэж, гийчин зочдын сэтгэлд нийцэж, олонд шашигдах, улмаар нэр хүнд өсөн нэмэгдэж өргөжин тэлэхийн нигуур ихтэй юм шүү дээ. Цаашлаад энэ санаагаа бизнес болгож бууз татах тусгай дуут хутга үйлдвэрлэх нөү-хаутай. Хутгаа буруу баривал "уучлаарай, та хутгаа хэт чанга дараад байна" эсвэл "мах хэт хөлдүү байна, ирээ гамная, ирээ гамна" гэх мэт авиа дуу гаргаж байх юм. Энэ мэт аугаа ихийг санагч нөхөр гараа дэрлэн тааз ширтэн мөрөөдөн баясах.
Хөөрхий, миний мунхагт ёроол үгүй ажээ.

Friday, January 11, 2008

Ой санамжаас арчигдахаас өмнө

Сүүлийн үеийн ой санамжид бичигдсэн үгс.

...Би чамд хайртай. Чи бол үзэсгэлэнтэй. Миний нүдэнд чи дандаа хөөрхөн харагддаг. Гэхдээ хамт усанд орохдоо улам хөөрхөн харагдах гэж сормуусаа будахаа больчих л доо, тэгэх үү.

...Би амттай хоол хийж чадна л даа. Гэхдээ намайг садист гэдгийг чи мэднэ шүү дээ. Амтгүй хоол хийж, чамайг хэрхэн тарчилж идэж байгааг харж кайф авмаар байгаа байхгүй юу.

...Хурдан алим зүсээд миний ам руу чихээрэй. Би үглээд зогсохгүй байна шүү дээ...
...Эмэгтэйчүүд үглээ, чалчаа, яншаа, гонгинуур, нуршаа...Гэхдээ хэлгүй, бас дээр нь хуруу гаргүй хөгжлийн бэрхшээлтэй бүсгүйг эс тооцвол үглэдэггүй эмэгтэй олно гэж байхгүй. Хорвоогийн бүх эмэгтэйчүүд үглээ. Тэгэхээр чамд зөвхөн хөөрхөн үглээ, хөөрхөн биш үглээ гэсэн хоёр л төрлийн эмэгтэйгээс сонголт хийх үлдэж байгаа юм даа... Би бол хөөрхөн үглээ...
...Хайр гэж үү...Миний найз залуу анх нусаа арчсан цаасаа надаас хол тавиад, өөрөө хаяад, намайг хаях гэхээр заваан, бохир, битгий хүр гээд байдаг байснаа одоо харин надаар нусаа арчуулаад, хамраа ухуулаад л эрхэлж өгч байгаа. Би тэгээ л энэ л хайр юм байх даа гээ л бодох болсон шүү дээ.
..

Tuesday, January 8, 2008

Wada Akiko

Wada Akikogiin ene duug bi gej ichdeggui nuhur solgoi xooloigoor orilj xorshiin xumuusiin zurhiig ni savluulj, xaalga uudee nuduulj, tsagdaa sergiileh deeree tulax ni baina.

Ershuud zan torhtei Wada Akikogiin ene duu duulj baigaag ni uzexeer yamar uzesgelentei emegtei, saixan duuchin ve gej bishirchxiim.

秋川雅史 - 千の風になって